Б.Чинбат бурхнаас өгсөн авьяасаа дахин харуулна  

“Давтагдашгүй” тоглолтоороо 2011 онд тэсрэлт хийж байсан хөгжмийн зохиолч, дуучин, төгөлдөр хуурч, продюсер Б.Чинбат 10 дугаар сард УБ паласт бие даасан тоглолтоо хийнэ. Түүний “Давтагдашгүй” тоглолт тэр жилдээ таван удаа тоглогдож, монголын рок попын түүхэнд алтан үсгээр тэмдэглэгдэж байлаа. Соёлын төв өргөөнд гурван удаа, Төрийн ордон болон УБ паласт үзэгчдийн хүсэлтээр тус бүр нэг удаа, нийт таван удаа тоглогдсон тоглолт бол ганцхан “Давтагдашгүй” билээ.

Б.Чинбат сүүлийн жилүүдэд уран бүтээлийн олз омог ихтэй байгаа аж. “Түмэн хишигтэн” төслийн хөгжмийг бичсэн нь удахгүй олны сонорт хүрэх гэж байгаа. Үндэсний баяр наадмын нээлтийн бүрэн цомнолыг бичсэн нь мөн л хөгжмийн түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх нь гарцаагүй. Энэ жилийн наадамчин олны яриа нь найруулагч Н.Наранбаатар, хөгжмийн зохиолч Б.Чинбат хоёр байсан гэхэд хилсдэхгүй. Монголын сонгодог урлагийн од болон гялалзаж байгаа Г.Ариунбаатартай хамтарсан маш сайхан уран бүтээл удахгүй эгшиглэнэ. Гэх мэт Б.Чинбатын олон талын авьяасыг нээсэн тоглолт тун удахгүй тавигдах гэж байна. Тэр энэ удаад ямар, ямар гэнэтийн бэлгийг бидэнд барих бол?

0 сэтгэгдэлтэй