А.Халиунаа: “Дэлхийн ур чадвар” тэмцээн бол мэргэжлийн боловсрол эзэмшигчдийн ур чадвар ямар түвшинд байгааг илэрхийлдэг

 

Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод зохиогдох “Дэлхийн ур чадвар” олон улсын тэмцээнд манай улс энэ жил зургаан мэргэжлийн төрлөөр оролцохоор бэлтгэлээ хангаж байна.

            Тэмцээнд оролцогчдод тэмцээний дүрэм, (мэргэжлийн талбай, байрлах байр, орчин, хоол) сэтгэл судлал, тэмцээний сэтгэл зүй, багийн ажиллагаа, манлайлал, харилцааны соёл, бясалгал, йогийн дасгал, г.м сургалтыг саяхан зохион байгууллаа. Энэ үеэр тус тэмцээний Монгол улсын албан ёсны төлөөлөгч, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ХНХЯ)-ны Мэргэжлийн боловсрол, сургалтын хэлтсийн дарга А.Халиунаатай ярилцлаа.

            -“Дэлхийн ур чадвар”-ын тэмцээнд манай улс хоёр дахь удаагаа оролцох гэж байна. Энэхүү тэмцээн хэзээнээс эхлэн зохион байгуулагдах болсон талаар товч мэдээлэл өгөхгүй юу?

-Дэлхийн хоёрдугаар дайны дараа буюу 1946 онд Испанид чадварлаг ажилчид ус, агаар шиг хэрэгтэй болж л дээ. Испанийн залуучуудын холбооны дарга нь энэ хэрэгцээг олж харан, чадварлаг залуу үеийг шат дараатай бэлтгэн гаргах, тэдэнд урам зориг өгөхүйц томоохон ажил зохион байгуулахаар шийдсэн нь энэхүү “Дэлхийн ур чадвар” олон улсын тэмцээн юм. Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг тус тэмцээнд оролцогч орны тоо жилээс жилд нэмэгдсээр одоо 77 орон болсон байгаа. Уг тэмцээнийг өдөртөө давхардсан тоогоор 30 мянга орчим хүн үзэхээр ирдэг юм байна лээ. Харин тэмцээнд оролцогч болон зохион байгуулагчид нийлээд 6000 орчим хүн хамруулж чаддаг маш том тэмцээн юм. “Дэлхийн ур чадвар”-ын тэмцээнд гагцхүү МСҮТ, Политехник коллежийн, суралцагчид болон төгсөгчид оролцдогоороо онцлогтой.

Манай улсын хувьд 2014 онд 69 дэх гишүүн орноор элссэн. Энэхүү тэмцээн нь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болон Политехник коллежид суралцагчдад урам зоригийг нэмэх, тэднийг хөгжүүлэх, ур чадвараа Монгол Улсад төдийгүй олон улсад сорих, мөн мэргэжлийн боловсролын салбарын суралцагчид ямар их ур чадвартай мундаг гэдгээ залуучуудад болон олон нийтэд таниулах, түүгээрээ ур чадвартай мэргэжилтэй ажилтны нэр хүнд, үнэ цэнийг өсгөх зорилготой юм.

-Өнгөрсөн хугацаанд манай улс хичнээн тэмцээн, уралдаанд оролцов. Ямар амжилт үзүүлсэн бэ?

-Монгол улс 2015 онд анх удаа үсчин, гоо сайхан, тогооч, гагнуур, хавтанцар, өрөг угсралт, мужаан, цахилгаан, токарь нийт 9 мэргэжлээр оролцсон. Анх удаа оролцож байгаа орон зочин, ажиглагчийн байр сууринаас оролцдог юм. Тиймээс бид анх удаа оролцохдоо туршлага судалж, монгол хүүхдүүд хаана ямар түвшинд байгаагаа тодорхойлж мэдэж авсан нь манай улсын баг анхны тэмцээндээ бидний хувьд маш амжилттай оролцсон гэж бодож байгаа. Тухайлбал, шагналт байранд орохын тулд 500 оноо авдаг бол мужааны төрөлд оролцсон Д.Нармандах 480 авсан, “Дэлхийн ур чадвар” тэмцээний шүүлтийн нэг онцлог нь босго оноонд хүрсэн бол хэдэн ч хүн байр эзэлж болдог. Хэрэв манайх 500 оноонд хүрсэн бол тусгай байр эзлэх байсан. Энэ жилийн хувьд манай улс мужаан, гагнуур, өрөг угсралт, сантехник, цахилгаан, тогооч гэсэн 6 мэргэжлээр оролцохоор “Монгол ур чадвар” тэмцээнийг дотооддоо үе шаттайгаар явуулж, шилдгүүдээ шалгаруулж, бэлтгэлийг нь хангуулж эхлээд байна. Хоёр дахь удаагаа оролцох гэж байгаа учир өмнөх амжилтаа ахиулах зорилттой байгаа.

-Оролцогчдыг хэрхэн шалгаруулдаг юм бэ. Шүүлт нь шударга болж чаддаг уу?

-Шүүлт нь ил, тод, бүгдэд ойлгомжтой, тодорхой удирдамжийн дагуу, дэлхийн ур чадварын тэмцээний даалгавраар зохион байгуулагддаг. 2017 оны оролцогчийг 2016-2017 онд улсын хэмжээнд үе шаттайгаар “Монгол ур чадвар” тэмцээнээр шалгаруулсан. Мужааны мэргэжлийн оролцогчийг жишээ нь “Модны чадавхийн төв”-тэй хамтран гурван үе шаттайгаар зохион байгуулж шалгаруулсан. 41 мянган оролцогчийг энэ мэтээр мэргэжил тус бүрээр нь шалгаруулдаг гэж ойлгоход болно. МСҮТ, политехник, коллежийн суралцагчид энэ тэмцээнийг жилээс жилд сонирхон, хичээн суралцаж байна. “Бидэнд ч гэсэн ийм боломж байгаа юм байна” гэдгийг ойлгож эхэлж байгаад баяртай байдаг.

-Тэмцээнд оролцогчдын зардлыг хаанаас гардаг юм бэ. Тусалж дэмждэг, хамтран ажилладаг байгууллага бий юу?

-“Дэлхийн ур чадвар”-ын тэмцээнд оролцогчдыг сонгон шалгаруулах урьдчилсан тэмцээний ерөнхий зохион байгуулагч нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам. Энэхүү тэмцээнийг анхнаас нь дэмжиж, санхүүжилтийнх нь дийлэнх хэсгийг Германы хамтын ажиллагааны нийгэмлэг болон Оюутолгой компани шийдэж өгч байгаа.

Шилдгээр шалгарсан оролцогчид мэргэжлийн багш томилж, олон улсын тэмцээнд явтал нь тогтмол бэлтгэлд хамруулдаг. Бэлтгэлийн материалд гэхэд маш их мөнгө зарцуулагддаг. Жишээ нь, тогоочийн төрөлд оролцогчийн бэлтгэлийг хангахын тулд далайн загасыг гадаадаас захиалж авчруулдаг. Нэг загас нь 200 мянган төгрөгийн үнэтэй. Хамгийн багадаа дөрвөн ширхэгийг авчруулж байж бэлтгэл нь боломжийн хэмжээнд хангагдсан байна гэж үзнэ. Зөвхөн нэг далайн загасанд 800 мянган төгрөг зарцуулдаг гээд бодохоор мэргэжил тус бүр дээр ямар их хэмжээний зардал гардаг нь та нарт ойлгогдох байх. Германы хамтын ажиллагааны нийгэмлэг хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд тодорхой мэргэжлүүдэд дэмжлэг үзүүлж тусалдаг. Тус нийгэмлэг зарим сургуулиудад герман багш нарыг зөвлөхөөр ажиллуулж байгаа нь МСҮТ, ПК-д суралцагчдад маш их зүйлийг сурч мэдэх боломжийг олгож байна. “Дэлхийн ур чадвар” тэмцээнд оролцогчид өмнө нь Койкагийн шугамаар БНСУ-д бэлтгэл хийж байсан бол энэ удаад ХБНГУ-д бэлтгэл хийж эхэллээ. Сантехникийн төрөлд оролцогч Ц.Долгормаа мэргэжлийн багшийн хамт Германд 21 хоногийн бэлтгэл хийгээд ирсэн. Ирэх сард мужаан, өрөг угсралтын оролцогчид мөн Германд бэлтгэл хангана. Цахилгааны оролцогч энэ сарын сүүлээр Шанхай хотод бэлтгэл хийж байна.

Оюутолгой компанийн хувьд гагнуурын мэргэжлийн оролцогчийн бэлтгэлийг Өмнөговьд тогтмол хийлгэж, түүнд тус компанийн гадаад, дотоодын зөвлөх багш нар зааж сургадаг. Эксперт багш нь 2015 онд тэмцээнд орж байсан туршлагатай багш дахин сонгогдсон байгаа.

-Монгол улсын баг цаашид энэхүү тэмцээнд улам их амжилттай оролцохын тулд ямар арга хэмжээ авах шаардлагатай гэж үздэг вэ?

-“Дэлхийн ур чадвар” тэмцээнд амжилттай оролцож байгаа улс орнуудын туршлагаас харахад оролцогчдоо хамгийн багадаа 2-3 жил, цаашилбал 4 жил тасралтгүй бэлдэж, өдөрт 8-10 цагаар бэлтгэлийг нь хангуулан бэлтгэж байгаа. Энэ нь мэдээж мөнгө санхүү, материаллаг бааз гээд дэмжлэг сайтай байгаатай холбоотой. Манай улсын хувьд энэ боломж нь тааруу байна. Энэ жил хоёрдугаар сард оролцогчдоо тодруулаад, үндсэндээ 6-8 сарын хугацаанд бэлтгэл хийлгүүлээд тэмцээнд оруулах гэж байна. Бэлтгэлийн хугацааг цаашид уртасгах, илүү сайжруулах боломжийг эрэлхийлж ажиллана. Үүнд хэвлэл мэдээллийнхний хувь нэмэр ч чухал шүү дээ.

            -“Дэлхийн ур чадвар”-т оролцох оролцогчдод зориулсан гурав хоногийн вакум сургалтын талаар уншигчдад мэдээлэл өгөхгүй юу?

            -Олон улсын тэмцээнд оролцогчдод зориулсан анхны вакум сургалтыг 2 жилийн өмнө Дархан-Уул аймагт зохион байгуулж байсан. 77 орон оролцдог энэхүү нэр хүндтэй тэмцээнд оролцсон аль ч улсын оролцогчид байгаль цаг уур, орчин нөхцөл, үе тэнгийнхнээс нь үзүүлэх нөлөөлөлд автдаг. Олон оролцогчийг харахад хүүхэд байтугай том хүн хүртэл сүрдэж, сандардаг. Энэ нь тэмцээний амжилтанд муугаар нөлөөлдөг. Иймд бид энэхүү тэмцээнд амжилттай оролцохын тулд оролцогч хүүхдүүдээ тэмцээний үеийн болон манлайллын сэтгэл зүй, тухайн тэмцээн болох улсын ёс заншил, харилцааны соёл, сандралыг амьсгалаар яаж тайвшруулж болох бясалгал, иогийн сургалтуудыг хийдэг. Өөрийгөө ялбал өрөөлийг ялна. Өөрийгөө ялах, өөрийн дотоод хүчийг нээхэд чиглэсэн сургалтууд үр нөлөөгөө өгч, тэмцээний амжилтад нөлөөлнө гэдэгт итгэлтэй байна.

Энэ жилийн “Дэлхийн ур чадвар” тэмцээн хэдэн сард болох вэ? Хэдэн хүний бүрэлдэхүүнтэй явах вэ?

-Энэ жил Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод зохиогдох “Дэлхийн ур чадвар”-ын 44 дэхь удаагийн тэмцээн 2017 оны 10 дугаар сарын 14-19-нд болно. Монголын баг зургаан мэргэжлээр, нийт 20 хүний бүрэлдэхүүнтэй явах бэлтгэл хангаж байна.

Дэлхийн хэмжээний тэмцээнд оролцож, өрсөлдөж байна гэдэг манай мэргэжлийн боловсрол эзэмшиж буй залуучуудын чадвар улам нэмэгдэж байгаагийн илрэл гэж бодож байна. Дотооддоо иймэрхүү тэмцээн зохион байгуулах боломж хэр их байдаг вэ?

-Одоохондоо “Дэлхийн ур чадвар” тэмцээнд оролцогчдыг сонгон шалгаруулах зорилгоор дотооддоо тодорхой төрлүүдээр тэмцээн зохион байгуулж байгаа.

Цаашид Үндэсний хэмжээнд мэргэжил бүрээр шилдгээ тодруулах тэмцээнийг тогтмол зохион байгуулах, мөн Дэлхийн ур чадварын тэмцээний стандартад дүйцүүлэн зохион байгуулах шаардлагатай байгаа.

Тэмцээн зохион байгуулах нь олон талын ач холбогдолтой. Тухайлбал, мэргэжлийн боловсрол эзэмшихээр суралцагчид өөрсдийгөө улам хөгжүүлэх, хосолсон мэргэжил эзэмших, ур чадвараа нэмэгдүүлэх, үнэлүүлэх, зэрэг ахиулах боломж байгаа улмаар ажил олгогчид тэмцээнд оролцогчдоос ажилчдаа сонгон авч болох зэрэг олон давуу талуудыг дурдаж болно. Ингэснээр мэргэжлийн боловсрол эзэмшигчид улам чанаржиж, ажлын байртай болох бас нэг боломж бүрдэнэ.

-Ярилцсанд баярлалаа.

            Д.Төв

0 сэтгэгдэлтэй