Үр хөндөлт өмнөх оноос 28.3 хувиар өсжээ

 

Хүн амын 2010-2040 оны хэтийн шинэчилсэн тооцоогоор хөдөлмөрийн насны хүн амын эзлэх хувь өндөр байх хандлага ойрын арван жилд үргэлжлэхээр байгаа боловч 2025 оноос нийт хүн амд нөхөн үржихүйн идэвхтэй насны эмэгтэйчүүдийн эзлэх хувь буурч, 60-аас дээш насныхан бусад насны бүлгийн хүн амаас илүү хурдацтай өссөөр 2040 он гэхэд 3 дахин нэмэгдэх төлөвтэй байгаа аж. Хүн амын бүтцийн энэхүү өөрчлөлт нь урт хугацаанд хүн амын өсөлтийг сааруулж болзошгүй тул төрөлтийг дэмжих таатай нөхцөлийг бүрдүүлэн хүн амын өсөлтийг тогтворжуулах, насны тааламжтай бүтцийг удаан хугацаанд хадгалах, мөн хурдацтай явагдаж буй хүн амын насжилтад үр дүнтэй бэлтгэх шаардлага байна.

2016 оны байдлаар үр хөндөлтийн 18.316 тохиолдол бүртгэгдсэн. Үр хөндөлт өмнөх оноос 148 тохиолдлоор буюу 0.8 хувиар өссөн ба 1000 амьд төрөлт тутамд 9.6 тохиолдлоор өссөн байна. 1000 амьд төрөлтөд ногдох үр хөндөлт Өмнөговь /301.6/, Дорноговь /416.4/, Орхон /295.0/ зэрэг аймгууд болон Улаанбаатар хотод /339.3/ байгаа нь улсын дунджаас 60.8-182.2 тохиолдлоор өндөр байна. Мөн хувийн эмнэлэгт хийгдсэн үр хөндөлт өмнөх оноос 1166 тохиолдлоор буюу 28.3 хувиар өссөн байна. Хожуу үеийн үр хөндөлтийн түвшин 1 000 амьд төрөлтөд 7.7 байна.

Үр хөндөлт хийлгэж буй эмэгтэйчүүдийг насны бүлгээр авч үзэхэд 20-иос доош насных 5.0 хувь, 20-34 насных 70.7 хувь, 35-аас дээш насны эмэгтэйчүүд 24.3 хувийг тус тус эзэлж байна. Үр хөндүүлсэн эмэгтэйчүүдийн 18.0 хувь нь төрөөгүй ба анхны удаа үр хөндүүлсэн тоо өмнөх оноос 14 тохиолдлоор буюу 0.9 хувиар өссөн байна. Үр хөндөлтийн хүндрэл 41 тохиолдол бүртгэгдсэн ба нийт хүндрэлийн 29.3 хувийг умайн агшилт суларч цус алдсан, 56.1 хувийг умайн дайврын үрэвсэл, 4.9 хувийг умай цоорсон хүндрэл эзэлж байна.

0 сэтгэгдэлтэй