“Сентерра гоулд” ХХК-ийн лицензийг цуцлаагүй

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр “Сентерра гоулд” компанитай холбоотой Захиргааны хэргийн шүүхээс гаргасан шийдвэрийг мушгин гуйвуулсан шинжтэй, худал мэдээллүүд гарч байгаа. Үүнтэй холбоотой дараах товч мэдээллийг бэлтгэлээ.

Иргэний хөдөлгөөнүүдийн иргэдэд ойлгуулж байгаачлан Захиргааны хэргийн шүүх Гацуурт төслийн лицензүүдийг цуцлаагүй бөгөөд “Сентеррагоулд Монголия” ХХК нь 4 тусгай зөвшөөрлийн хууль ёсны эзэмшигч хэвээрээ байна. Нийтийн эрх зүйд аливаа хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртэл тухайн маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түр түдгэлзүүлж болдог жишгийн дагуу шүүх Ашигт малтмалын газрын даргын 2004, 2005 онуудад гаргасан ердийн захиргааны шинжтэй хоёр шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлжээ. Эдгээр шийдвэрийн биелэлтийг түр түдгэлзүүлсэн нь тус компанийн хэвийн үйл ажиллагаанд эрх зүйн үүднээс шууд нөлөөлөхгүй байгаа аж.

Захиргааны хэргийн Анхан шатны шүүх Гацуурт төсөлтэй холбоотой 2016 оны 2 дугаар сараас хойш үргэлжилж буй маргааныг эцэслэн шийдээгүй байгаа. Үндсэн асуудал руугаа ч ороогүй байгаа. Өнгөрсөн 1 жил 6 сарын хугацаанд зөвхөн процессын шинжтэй хүсэлтүүдийг (нэмэлт нотлох баримт цуглуулах, актын биелэлтийг түр түдгэлзүүлэх г.м) шийдвэрлэж иржээ. 2017 оны 8 дугаар сард Давж заалдах шатны шүүх нь процессын асуудлаар шийдвэр гаргасан бөгөөд одоо хэрэг Анхан шатны шүүх рүү шилжинэ. Анхан шатны шүүхийн шийдвэр ч гараагүй байхад (цаана нь давж заалдах, хяналтын шат бий) Гацууртын лицензүүдийг шүүхээс цуцласан мэтээр олон нийтэд ойлгуулж байгаа нь ор үндэсгүй юм байна.

0 сэтгэгдэлтэй