Ж.Эрдэнэбат ийм эдийн засгийг өвлүүлэн өглөө…

Явсан хүний араас шороо цацдаггүй, үнэнийг үнэнээр нь үлдээх нь Монголын улс төрд байх учиртай ёс зүй, жудаг билээ. Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газарт хаягласан олон шүүмжлэл явж байсан ч түүнтэй холбон ярих учиртай бас олон эерэг өөрчлөлт эдийн засагт ирсэн. Энэ бол маргашгүй үнэн.

Мэргэжлийн засгийн газрыг ханаа шийрлэж, галаа асааж байх тэр үед Монголын эдийн засгийг  сэхээний орон дээрхи өвчтөнтэй зүйрлэж байв. Тулгамдсан их өр, дефолтын заналхийлэл хаалгыг нь тогшиж, хатавчаар нь шагайгаад зогсч байсан.

Иймэрхүү бараан өнгө төрхийг цайруулж, нэг жил гаруйн хугацаанд эдийн засгийн өсөлтийг 5,3 хувьд хүргэсэн. Эдийн засгаа сэхээний өрөөнөөс энгийн тасагт шилжүүллээ хэмээн өмнөх зүйрлэлээ үргэлжлүүлж байсан нь “Мэргэжлийн” Засгийн газрын газрын гавьяа.

Харилцан бүхий л түвшинд бие биеэ нөхцөлдүүлж байдаг эдийн засгийн цусны эргэлт нэг л сэргээд эхлэхээр тэр эрчим энерциэрээ нэг хэсэгтээ л урагшилдаг нь тодорхой. Хэдийгээр эдийн засаг дахь өөрчлөлтийг зөвхөн нүүрсний экспорт нэмэгдсэн, үнийн өсөлттэй холбон өрөөсгөл гэж зарим нэг нь үгүйсгэдэг ч өсөлт бол өсөлт. Энэ утгаараа бусад салбараа бас урагшлуулж эрчимжүүлж байгаа.

Монголын улстөр наадмаас хойш халуурч бүлээрсээр байгаад одоо л нэг илаарших өнгө төрхөө олж байна. Хүсээд байсан хүн нь хүсч байсныгаа гартаа атгаж чадлаа. Одоо гагцхүү ажиллах л үлдлээ. Ингэхдээ шударгаар, улс орныхоо эрх ашиг, ард иргэдийнхээ хүлээж цөхрөөд буй тэр сайн сайхан амьдрал руу аль болох ойртуулж чадвал шинэ Засгийн гавъяа тэр болно. Ерөнхийдөө бол нийтлэг эрх ашгийг л хангаж, боломжийг нь гарт атгуулж өгөх явдал. Юуны урьд баялгийн тэгш хуваарилалт, шударга ёсыг ард түмэн “Хүрэл”-ийн засгаас хүснэ.

Монголчуудын заяа буян гэж бий. Зунжин намаржин улстөржсөн ч эдийн засаг маань харин  энэ зуур сөхөрчихсөнгүй, харин ч сэтгэл сэргээх олон эерэг хандлагатайгаар Ж.Эрдэнэбатаас У.Хүрэлсүхийн гарт  шилжиж байна.  Шинэ засгийн газарт харин үүнийг урагшлуулж, өсөлтийг нь эрчимжүүлэн авч явах ээлж ирж байна. Энэ бол гол шалгуур.

“Ардын” Засгийн газар ямаршуухан эдийн засаг өвлөгдөж байгааг хамтдаа харъя. Хожмын нэг өдөр ямар эдийн засгийг хүлээж аваад ямар хэмжээнд аваачсанаа ярих ээлж ирэх учраас  юм тодорхой байсан дээр.

Үндэсний статистикийн хороо 2017 оны эхний 9 сарын эдийн засгийг ингэж тоймолжээ.

Төсвийн орлого нэг  их наяд төгрөгөөр давлаа

-Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого нэг их наяд төгрөгөөр өссөн бол зарлага 291.4 тэрбум төгрөгөөр буурлаа.

-Улсын төсвийн орлого 2017 оны эхний 9 сард 5.0 их наяд төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 5.8 их наяд төгрөг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 737.9 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа.

-Өөрөөр хэлбэл улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал өмнөх оны мөн үеэс 1.3 их наяд төгрөгөөр буураад байна.

-Татварын нийт орлого 4.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 876.5 тэрбум төгрөгөөр өсөв.

Монгол Улсын экспорт 4.6 тэрбум америк долларт хүрэв

-Монгол Улс 2017 оны эхний 9 сард дэлхийн 150 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 7.7 тэрбум америк доллар, үүнээс экспорт 4.6 тэрбум америк доллар, импорт 3.1 тэрбум америк долларт хүрлээ.

-Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.9 тэрбум америк доллар, үүнээс экспорт 1.3 тэрбум америк доллараар, импорт 682 сая америк доллараар тус тус өссөн байна.

-Гадаад худалдааны тэнцэл 2016 оны эхний 9 сард 884.4 сая америк долларын ашигтай гарч байсан бол 2017 оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 567.7 сая америк доллараар нэмэгдэж, 1.5 тэрбум америк долларт хүрчээ.

Эх сурвалж: Zaluu.com

0 сэтгэгдэлтэй