Дэлхийн ур чадвар-2021 тэмцээн Шанхай хотод болно

      Дэлхийн ур чадварын 44 дэх тэмцээн АНЭУ-ын Абу Даби хотноо энэ сарын 14-19-ны хооронд зохиогдоно. Одоогоор Абу Дабигийн тэнгэр дор 77 орны 1300 оролцогч, 51 мэргэжлээр ур чадвараа сорихоор хуран цуглаад байна. Энэхүү тэмцээнд манай улс 2015 онд есөн мэргэжлээр анх удаа оролцож байсан бол энэ жил мужаан, гагнуур, өрөг угсралт, цахилгаан, тогооч, сантехник гэсэн зургаан төрлөөр оролцохоор хүрэлцэн очоод байгаа юм.

      Тэмцээний өмнөх олон чухал арга хэмжээний нэг нь 77 улс орны албан ёсны төлөөлөгчдийн хурал байдаг аж. Энэхүү хуралд ХНХЯ-ны МБСХ-ийн дарга, Монгол улсын багийн ахлагч А.Халиунаа, ХХҮЕГ-ын газрын дарга, албан ёсны ажиглагч Д.Бэхбат, техникийн ажилтан Х.Асыл нар оролцжээ.

      Хурлаар Дэлхийн ур чадварын байгууллагын дүрэмд орсон өөрчлөлтүүдийг баталж, 2025 он хүртэлх үйл ажиллагааны төлөвлөгөөнд улс орнуудын саналыг авсан байна. Хамгийн чухал хэсэг нь 2021 оны тэмцээний зохион байгуулагч улсыг тодруулж, албан ёсоор зарлажээ. Зохион байгуулах эрхийн төлөө БНХАУ-ын Шанхай, Швейцарийн Базыл хотууд өрсөлдсөнөөс Базыл хот нэрээ татаж, 2021 оны Дэлхийн ур чадварын тэмцээн Шанхай хотод зохион байгуулагдахаар болсон байна.

  Хоёр жилд нэг удаа зохиогддог Дэлхийн ур чадвар-2019 тэмцээн ОХУ-ын Казань хотод болно. Харин энэхүү хурлын төгсгөлд 2023 оны тэмцээнийг Японы Айчи муж зохион байгуулах хүсэлтэй байгаагаа Дэлхийн ур чадварын байгууллагад илэрхийлжээ. Японы Айчи мужаас өөр хүсэлтээ илэрхийлсэн улс орон одоогоор байхгүй байна.

0 сэтгэгдэлтэй