Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авбал Засгийн газар хэврэгшинэ

Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар томилсон УИХ-ын шийдвэрт Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавиад байгаа нь МАН-ын дотоод хямралыг дэврээгээд байна. Үүний улмаас Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн 33-ын бүлэг болон нам дотроо сөрөг хүчин болчихоод байгаа 32-ын бүлэг хоорондоо талцан үзэлцэж, өчигдөр хуралдах ёстой байсан Төсвийн байнгын хороо хүртэл хуралдаж чадсангүй.

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахгүй гэдэг шийдвэрийг МАН-ын бүлэг гаргасан. Энэхүү шийдвэр Байнгын хороодоор баталгаажин, УИХ-ын тогтоолоор эцэслэгдэх учиртай. Гэтэл 33 ба 32-ын бүлэг хоёр тийшээ харж сууснаар хүндхэн нөхцөл байдал үүсчихлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч ч тэр, 32-ын бүлэг ч тэр хэрэв Ч.Хүрэлбаатарыг томилсон тогтоолд тавьсан хоригийг УИХ-ын гишүүдийн гуравны нэг болох 26 гишүүн дэмжвэл, шинээр байгуулагдсан Засгийн газар хэврэгшиж, улмаар нэр хүнд нь унана гэдгийг тооцож байгаа нь дамжиггүй. МАН-ын бүлгийн шийдвэрийг Байнгын хороодоор баталгаажуулах уу? УИХ-ын шийдвэр хэрхэн гарах бол? Энэ бүхнээс У.Хүрэлсүхийн толгойлсон Засгийн газрын хэврэг, эсвэл бат бөх эсэх нь шалтгаалах болоод байна.

0 сэтгэгдэлтэй