МАН хэрүүлтэй, МАХН зодоонтой байна

Эрх баригч хүчин болох МАН-ын 65-ын бүлгийн гишүүд шинэ Засгийнхаа ажилд шүүмжлэлтэй хандаж эхэлсэн нь УИХ-аар Ерөнхийлөгчийн хориг хэлэлцэх үеэр улам тодров. Хэрэв УИХ дахь 32-ын бүлэг “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй” хэмээн кноп дарсан бол Засгийн газар өнөөдөр Сангийн сайдгүй, 2018 оны төсвөө ч хэлэлцүүлж чадахгүй суух байв. Ж.Эрдэнэбатаар удирдуулсан 32-ын “бүлэг”-ийн хүчинд У.Хүрэлсүхийн танхим бүтэн үлдлээ. Төлөвшсөн хүн, төрийн хүн гэдэг улс орныхоо эрх ашгийг тэргүүнд тавьдаг юм байна.

Гэтэл хориг хэлэлцэх үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх ямар авир гаргав. Олноороо л харлаа.

УИХ дээр “гал авалцсан” хэрүүл босохыг алийг тэр гэх билээ. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбат нар энэ байтугай хатуухан үгтэй нүүр тулдаг л байсан. Тэглээ гээд хэрүүлээр хариу барьсан удаагүй. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд энэ чанар, тэвчээр дутлаа. Төлөвшил, ёс суртахуун байна уу гэх эргэлзээг олон хүнд төрүүлсэн.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хэлсэн үг зарчим л байсан. Яахаараа УИХ-ын гишүүн О.Содбилэг, Л.Энх-амгалан нарыг уул уурхай, бизнесийн эрх ашгийн зөрчилтэй гэж үзээд Засгийн газрын танхимдаа авахаас татгалзсан атлаа Ч.Хүрэлбаатар сайдыг хамгаалав. Зарим бол зарчим байх ёстой. Шударга ёсыг тогтоох амлалт нь хэлбэр биш агуулга байсан юм бол эндээс л асуудал эхлэх ёстой байсан.

Нөгөөтэйгүүр, Ж.Мөнхбатын тэрхүү шазруун үгнүүд Ерөнхий сайдын тэсвэр тэвчээрийг шалгах гэсэн, характерыг нь харуулах гэсэн тактик байхыг ч үгүйсгэх аргагүй. Цаашид Ерөнхий сайд дан ганц Ж.Мөнхбатаар тогтохгүй олон гишүүний хатуу үгтэй нүүр тулна. Өөрийн намаар хязгаарлахгүй, сөрөг хүчнийхэн ч тест тавина. Тэр бүгдэд уржигдрынх шиг хариу баривал наанадаж өөрийн нэр хүнд,  цаанадаж Монгол Улсын Засгийн газрын нэр хүнд навс унана.

Дааганаас унадаггүй, даравгараас болж унадаг гэдэг үгийн цаад утга учир энэ.

Нөгөө талдаа Ж.Мөнхбат гишүүний хэлсэн “Чи Н.Энхбаяраас ч аймаар болжээ” гэдэг үг бол хатуу боловч санаж явахад илүүдэхгүй үг.

МАН, МАХН хоёр бол үсэрсэн цус, тасарсан мах нэгтэй улстөрийн хүчнүүд.

Цагтаа Н.Энхбаяр даргыг энэ улсыг захирч явахад өнөөгийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх аавын хаалга татахын даваан дээр нам нь авч үлдсэн түүх бий.

Одоо харин У.Хүрэлсүх Засгийн газрын тэргүүн, Н.Энхбаяр ерөнхийлөгч “гудамжинд” алхаж явна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхад Н.Энхбаяр дарга хэсэг гишүүдийнхээ хамтаар өрх тусгаарлаж, МАХН-ыг байгуулсан.

МАХН дахин шинээр байгуулагдсанаас хойш зургаан жил болж буй. Энэ хугацаанд ганцхан удаа Онц их хурлыг хийжээ. Дээр нь  2016 оны УИХ-ын сонгуульд МАХН ганц суудалтай үлдсэн, Ерөнхийлөгчийн сонгуульд ХҮН-аас ирсэн С.Ганбаатарыг нэр дэвшүүлсэн, нийт эрх ашгийг төлөөлсөн шийдвэр намаас гарахаа байсан зэрэг нь удирдлагадаа хариуцлага тооцох хөдөлгөөнийг дотооддоо өрнүүлэхэд хүргээд байна.Их хурлыг хийхгүйгээр намын даргыг суудлаас нь унагах аргагүй. Үүнийгээ ч намын дарга нь мэдэж буй учраас өнгөрсөн есдүгээр сараас тавьсан гишүүдийнхээ шаардлагыг биелүүлэхгүй явсаар өдийг хүргэжээ.

Эцэст нь намын гишүүд нь нь их хурал зарлан хуралдуулахыг шаардаж байгаагаа намын удирдлагууддаа хэлэхээр очоод Н.Энхбаяр даргадаа хөөгдсөн төдийгүй, тус намын Тамгын газрын дарга Н.Уламбаяр Магнайбаяраа “шанаадсан” нь дуулиан тарьж байна.

Гишүүд нь болсон хэрэг явдлын талаар Сүхбаатарын дүүргийн Цагдаагийн газарт хандаж, гомдол мэдүүлсэн нь зүгээр ч нэг нуугаад өнгөрөх хэрэг явдал биш байсан бололтой.

Г.ХОРОЛ

эх сурвалж

news.mn

0 сэтгэгдэлтэй