С.Баяраа: “Монгол ур чадвар” тэмцээнд хоёр шавиа сойж байгаа

Техник технологийн политехник коллежийн гагнуурын багш С.Баяраатай ярилцлаа. Ярилцлагын зочноор урьсан нь тохиолдлынх биш юм. Өнгөрсөн сард АНЭУ-ын Абу Даби хотод зохиогдсон Дэлхийн ур чадварын тэмцээний гагнуурын төрөлд Ж.Жанлав-Ойдов Тусгай байрын шагнал хүртэж, монголчуудын өмнөх тэмцээний амжилтыг бахдам сайхнаар ахиулсан билээ. Монгол гагнуурчид ур чадвараа дэлхийд бахдуулж байгаа нь энэ хүнтэй холбоотой. Тодорхой хэлбэл, 2015 оны оролцогч Л.Ганцоож ч, амжилттай оролцсон Ж.Жанлав-Ойдов ч С.Баяраа багшийн шавь нар юм. Олон улсын хоёр тэмцээнд шавь нараа амжилттай оролцуулсан амжилтыг нь үнэлэн Техник технологийн политехник коллежийн удирдлагууд саяхан зохиогдсон Дэлхийн ур чадварын тэмцээнд зардлыг нь дааж, ажиглагчаар оролцуулсан. Ахмад багшийн арга барил, ажилдаа хандах хандлага залуучуудад сургамж болох нь гарцаагүй ээ.

-Та өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу. Гагнуурчин хүний мэргэжлийн сайхан нь юундаа байдаг гэж боддог вэ?

-Би 1957 онд Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төрсөн хүн. 18 насандаа цэрэгт явж, нутгаасаа гарсан даа. Барилгын цэргийн ерөнхий газар гэж байхад гагнуурын мэргэжил эзэмшсэн. Ихэвчлэн оросуудтай ажилладаг байсан юм. Төлөвлөгөө, нормын биелэлтийн дундуур ажил ихтэй ч ТИС-ийн сантехник, инженерийн ангийг эчнээгээр төгссөн. Ингээд үндсэндээ 40 гаруй жил гагнууртай амьдралаа холбож явна. Дундговийн МСҮТ-д зургаан жил багшилсан, ТТПК-д ирээд найм дахь жилдээ орж байна. Хувийн хэвшилд бас нэлээд хэдэн жил болсон. Гагнуурчин мэргэжлийн хамгийн сайхан нь хийсэн бүтээснээ харах шүү дээ. Даралтат сав, шугам гагналаа гэхэд өндөр даралтаар ус шахахад ямар ч шүүрсэн, гоожсон зүйлгүй байхыг харах хамгийн сайхан.

-40 жилийн өмнөх гагнуурын алх одоо хэрхэн өөрчлөгдсөн бол?  

-Тэнгэр, газар шиг өөр болсон. Соц-ийн үед цахилгаан болон хийн гагнуур гэж хоёрхон төрөл байсан бол одоо 5-6 төрөл болж нэмэгдсэн. Шавь нар маань энэ 5-6 төрөлд суралцаж төгсдөг. Гагнуурын техник технологи дэлхийд байнга шинэчлэгдэж байна. Манай сургууль Мянганы сорилын сангийн шугамаар 2013 онд гагнуурын шинэ тоног төхөөрөмжтэй болсон. Гэтэл одоо хоцрогдох тал руугаа ороод байна шүү дээ. Сая болж өнгөрсөн Дэлхийн ур чадварын тэмцээн “Линкольн” гэж брэндийн гагнуурын төхөөрөмж дээр явагдлаа. Дөрвөн гагнуурын алхыг нийлүүлсэн нэг төхөөрөмж л дөө. Монгол улсад Оюутолгойгоос өөр газарт энэ нь байдаггүй юм. Иймд техник технологийн шинэчлэлийг байнга хийж байхгүй бол залуу үеийнхний ур чадвар дээшлэхгүй, дэлхийд өрсөлдөж чадахгүйд хүрэх гээд байна.

-МСҮТ-д чамгүй олон жил багшилж. Шавь нарын тоо хэд орчим бол?

-Дундговийн МСҮТ-ийг оролцуулаад мэргэжлийн таван анги төгсгөсөн. Мэргэжлийн ангиас гадна түр сургалтын шавь нарыг оролцуулбал нэлээд тоо гарна. Эх орны өнцөг булан бүрт шавь нар маань байна. Зарим нь Япон, Солонгост хүртэл мэргэжлээрээ ажиллаж байна. Монгол улс гагнуурын төрөлд хоёр дахь удаагаа Дэлхийн ур чадварын тэмцээнд саяхан оролцлоо. Хоёулаа миний гарын шавь нар. Энэ бүхэн бол сургуулийн удирдлагын дэмжлэг, хамт олны минь хамтын хүч, бүтээл гэж сүсэглэж явдаг даа.

-Дэлхийн ур чадварын 2015 оны тэмцээнд таны шавь Л.Ганцоож, 2017 онд мөн адил гарын шавь Ж.Жанлав-Ойдов оролцлоо. Багшлах арга барилынхаа талаар ярихгүй юу?

-Монгол улс Дэлхийн ур чадварын тэмцээнд анх удаа орохоор болоод, бид нар Л.Ганцоож гэж шавиа сойсон. Герман-Монголын МСҮТ гэж Монголдоо номер 1 МСҮТ бий. Тэр сургуулийн хүүхдийг ардаа хаяад түрүүлсэн л дээ. 2017 онд Ж.Жанлав-Ойдов маань бас түрүүлж, Герман-Монголын МСҮТ-ийн хүүхэд хоёрдугаар байр эзэлсэн. Багш хүний хувьд энэ хоёр шавиараа маш их бахархдаг. Миний амжилтын нууц гэвэл ур чадвараас гадна хүүхдийн төлөвшлийг гол болгодог. Хичээл эхлэхээс 3-5 мин өмнө хүн болох төлөвшлийн талаар яриа өгдөг. Багш, шавь гэсэн хоёр тусдаа ангал биш, бид хоёр нэг зүйлийн төлөө зорьж байгаа хоёр шүү гэдгийг ойлгуулахыг хичээдэг. Өглөө хүүхдийг орж ирэхэд сэтгэл зүй нь ямар байгааг анзаардаг. Амарч уу, амраагүй байна уу, сэтгэл нь гундуу байна уу, эсвэл хөөр хөгжөөнтэй байна уу гэдгийг нь анзаарч, түүнд нь тааруулж бэлтгэл сургуулилтаа хийдэг. Би цагт баригдалгүй, хүүхэдтэй тулж ажиллахыг хичээдэг. Нэгдүгээр ангийн сурагчид цэвэр сайхан бичихийг багш хэрхэн заадаг шиг би нэгдүгээр курст байхаас нь тулж ажилладаг. Нэгдүгээр курсийн хүүхэд их ажиллагаатай шүү дээ. Зөв дадал суулгаж чадвал дараа дараагийн курстээ өөрөө хөгжөөд явчихдаг. Эхнээсээ сул харьцчихвал төгсөн төгстлөө сул явдаг. Би даган сургах зарчмыг гол болгодог. Өөрөө эхэлж хийгээд, дараа нь өөрөөр нь хийлгэдэг. Даалгаврыг заавал шалгадаг. Өөрөөр нь болон бусад сурагчдаар нэг, нэгнийх нь алдааг хэлүүлдэг. Дан ганц багшийн гарыг хараад байж болохгүй шүү дээ. Залуу багш нарт энэ бүхнээ зөвлөж хэлдэг дээ.

-Та саяхан болсон Дэлхийн ур чадварын тэмцээнд ажиглагчаар оролцоод ирсэн. Ажилдаа тусгах олон зүйлийг тээж ирсэн нь лавтай?  

-Зөвхөн дэлхийн тэмцээн ч биш энгийн үед ч гагнуурчин хүн хэмжих багаж дээр сайн ажиллаж сурах хэрэгтэй. 25см төмөр гагналаа гэхэд бусад орны гагнуурчид см бүрээр нь нарийн шалгаж байна. Манайхан муу юманд амархан дасах гээд байдаг улс. Хоёр, гурван газрыг нь хэмжсэн болоод орхичихдог. Үүнийгээ засмаар байгаа юм. Бас цаг баримталж сурах, заасан хугацаанд амжиж гүйцэтгэх хэрэгтэй юм байна.

Монголд гагнуурын цахилгаан багаж хэрэглэхийг хориглодог. Сэв суулгаад, алдаа гаргана гээд байдаг. Гэтэл дэлхийн тэмцээн дээр чөлөөтэй хэрэглэж байна. Алдаа гаргах эсэх нь тухайн хүний ур чадварын асуудал. Энэ дутагдалтай талыг засах хэрэгтэй.

Өөр ажигласан зүйл гэвэл манай оролцогч сөхрөөд суучихсан гагнаад байж байгаа юм. Гар үл мэдэг хөдлөхөд алдаа гардаг. Гэтэл амжилттай оролцсон орны оролцогчид өөрсдийн тусгай сандалтай, тэр нь хэд хэдэн хөлийн тавиуртай, тохойвчтой учир хөдөлгөөнгүй сууж, робот хийсэн юм шиг цэвэрхэн гагнаж чадаж байна. Гэрэлтүүлгийг хүртэл бодмоор юм байна. Хятадын оролцогч гэхэд олон төрлийн гэрлийг чадамгай ашиглаж, уг обьектоо олон талаас нь маш сайн харж, чамбай гагнаж байсан. Энэ мэт жижиг алдааг засвал манай улсаас Дэлхийн ур чадвар тэмцээний аварга төрж чадна.

-Дэлхийн тэмцээнд ашигладаг “Линкольн” төхөөрөмж Монголд ганцхан байдаг гэж дээр хэлсэн. Ж.Жанлав-Ойдовын амжилттай оролцсон нь Оюутолгойтой шууд холбоотой биз?  

-Тэгэлгүй яах вэ. Оюутолгой компанийн хамт олонд тэр дундаа Нанзаддорж, Алтантулга, С.Батсайхан багш нарт маш их баярлаж байгаагаа хэлмээр байна. Ж.Жанлав-Ойдовыг маш сайн бэлдэж өгсөн. Оюутолгой дээр бэлтгэл хийсэн нь амжилтад нь шууд нөлөөлсөн. Ж.Жанлав-Ойдов ирэн очин байсан. Энд ирэхээр нь би энэ тоног төхөөрөмж дээрээ ажиллуулаагүй. Хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж дээр ажиллаж байсан хүний барилт өөр болж магадгүй гээд хийлгээгүй. Тэр нь зөвдсөн байна лээ.

-Ж.Жанлав-Ойдовын гүйцэтгэсэн даалгаврууд сайн байсан. Бид бүгд л харж байсан. Гэтэл тусгай байр эзэлсэн. Юун дээр анхаарах ёстой гэж бодсон бэ?  

-Ер нь манайхаас бусад орон зөвхөн ур чадварын тэмцээн ч биш, бусад бүхий л уралдаан, тэмцээнд оролцогчоо эртнээс бэлдэж байна. Бэлтгэлийн хугацаа урт байна. Манайх бол богино хугацаанд бэлддэг. ОХУ-д болох 2019 оны Дэлхийн ур чадварын тэмцээний манайхаас бусад орны оролцогчид одоо аль хэдийнэ бэлтгэлдээ орсон байна. Манайх тэгэхэд Монгол ур чадвар тэмцээний шалгаруулалт нь явагдаж эхлээ ч үгүй байна шүү дээ. Тэгэхээр ялгаа бол бий. Гэхдээ амжилт гаргах бүрэн боломж байна. Ж.Жанлав-Ойдовын гаргасан алдааг хэлж өгсөн. Сургуулийн удирдлагуудад ч танилцуулсан. Тэмцээний ерөнхий зохион байгуулагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд ч хэлэх саналаа бэлдээд байна.

-ОХУ-ын Казань хотод 2019 онд болох Дэлхийн ур чадварын тэмцээнд хэн гэдэг шавиа сойх гэж байна, хэрэв нууц биш бол?

-Ж.Жанлав-Ойдовтой хамт бэлтгэл хийж байсан Б.Гантогтох гэж хүүг сойно. Тэмцээнд заавал нэг хүүхэд оролцуулах ёстой гээд уйлуулж байгаад хасаж байсан хүүхэд. Ур чадварын хувьд Ж.Жанлав-Ойдовтой адил. Энэ жил 19 настай. 2019 оны тэмцээнд нас нь яг таарна. Мөн одоо гуравдугаар курст сурж байгаа нэг хүү бий. Энэ хоёроо Монгол ур чадварын тэмцээнд амжилттай оролцуулахын төлөө ажиллаж байна. Ж.Жанлав-Ойдовт цөөхөн оноогоор хожигдсон Герман-Монголын МСҮТ-ийн Д.Нямрагчаа гэж хүү бий. Бас л өндөр ур чадвартай хүүхэд. Одоо ч бэлтгэлээ хийж байгаа сурагтай. Тэр хүүг давсан хүүхэд бэлдэнэ гэдэг амаргүй шүү дээ. Гэхдээ бид ажиллаж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Д.Төв

0 сэтгэгдэлтэй