Иргэдийн мөнгийг 300 дахин үржүүлдэг залилангийн сүлжээ Монголд орж иржээ

Хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Five winds хэмээх Швейцарийн нэгэн сүлжээ компани Монголд үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар одоогоор арван мянган иргэн гишүүнээр элсээд байгаа гэнэ.

Сүлжээний онцлог нь ам.доллар ба еврогоор сүлжээнд хөрөнгө оруулж гишүүнээр элсэх ёстой бөгөөд оруулсан хөрөнгө оруулалтыг 300 дахин үржүүлж өгнө хэмээн иргэдийг элсүүлж байгаа аж. Энэ нь хөрөнгө оруулсан хүн дороо хүн элсүүлснээр гарах ашиг бөгөөд гишүүн элсүүлэхгүйгээр ашиг хүртэх боломжгүй юм. Та бүхний харж байгаа энэхүү схем ёсоор хэрэв та 500 мянган еврогоор гишүүн болбол долоо хоногт 32.333 еврогийн ногдол ашиг авах ба жилдээ уг мөнгийг 1.681.333 евро болгон авах боломжтой хэмээн сурталдаж байгаа юм.

Казакстанаас угшилтай Жи тайм сүлжээнд хохирч, цагдаагийн байгууллагын хаалга үүд сахин суугаа монгол иргэдийн тоо 50 мянгад хүрч, хохирлын хэмжээ өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа. Эдийн засгийн хурд саарч, цалин хөлсний хэмжээ багассан, энэ хэрээр иргэдийн худалдан авах чадвар муудсаныг овжин этгээдүүд ийнхүү ашиглан “мөнгийг чинь 300 дахин өсгөж өгнө” хэмээн иргэдийг залилсаар байна. Хэдий болтол бид сүлжээний залилангийн хохирогч болсоор байх вэ?

0 сэтгэгдэлтэй