Н.Золжаргалыг ямар хэргүүдэд буруутгав?

 

Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргалыг өчигдөр баривчилж, саатуулжээ. Түүнийг юуны учир баривчлав, ямар ямар хэрэгт холбогдуулан шалгаж байсныг товч өгүүлье.

Н.Золжаргалыг УИХ-ын чуулганаар оруулалгүй чөлөөлж байсан нь жилийн өмнөх үйл явдал. Түүнийг чуулганы хуралдаанд авчирч, гишүүдийн асуултад тайлбар өгөх ёстой, өнгөрсөн дөрвөн жилийн тайлангаа тавих ёстой гэж зарим гишүүн шаардаж байсан боловч, тэрээр хэл үггүй ажлаа өгөөд арилаад өгсөн. Түүнийг буусны дараа Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилогдсон Н.Баяртсайхан “Эдийн засгийн идэвхжил саарсан, төсвийн алдагдал эрс нэмэгдсэн, үнэ ханшны тогтвортой байдал алдагдсан, гадаад валютын цэвэр нөөц хасах утгатай болсон, гадаад өрийн дарамт өссөн. БНХАУ-ын Ардын банкны своп, Хөгжлийн банк болон Чингис бондтой холбоотой нийт 3 тэрбум орчим ам.долларын төлбөр хүлээгдэж байна. 14.5 хувийн өсөлттэй байсан эдийн засгийн өсөлт 1.4 хувь болж унасан. 2.3 тэрбум ам.долларын нөөцтэй байсан гадаад валютын нөөц 1.2 тэрбум ам.доллар болж буурсан” гэж мэдэгдэж байсан. Энэ бүхэн зарим талаар Н.Золжаргалын алдаатай бодлогын үр нөлөө юм.

2011 онд Монголбанк 179 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байсан бол 2012 оноос алдагдалтай ажиллах болсон гэсэн яриаг зарим гишүүд хэлдэг. 2016 оны эцэс гэхэд хүүгийн, санхүүгийн үүсмэл хэрэгслийн буюу своп, форвард хэлцэл, гадаад валют арилжааны болон бусад хүчин зүйлсийн нөлөөнөөс болж Монголбанкны хуримтлагдсан алдагдал 3 их наяд 19 тэрбум 300 сая төгрөг болсон гэж тодотгодог. Үүнд бол Н.Золжаргал шууд буруутай.

Дээрх бодлогын алдаанаас гадна Н.Золжаргал эрх баригч намын мөрийн хөтөлбөрийг биелүүлэхийн тулд Монголбанкны хуулийг уландаа гишгэсэн. 2016 оны УИХ-ын сонгуулиар Тавантолгойн хувьцааг мөнгөжүүлэх нэрээр асар их мөнгө гаргасан. Үүний балгаар монгол төгрөг үнэгүйдсэн. Орон нутгийн сонгууль болох үеэр “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийн хүрээнд 3 триллоныг зах зээлд гаргасан. Ерөнхийлөгчийн сонгуулиар эх үүсвэр нь тодорхой бус ипотекийн зээл гаргаж, иргэдийг төөрөгдүүлсэн гэх мэт буруутгал түүнийг тойрон нэг жил тэнэсэн.

Т.Аюурсайхан гишүүний мэдэгдсэнээр Н.Золжаргал нь 3.7 их наяд төгрөгийг орон сууцны хөтөлбөрт, 1.9 их наяд төгрөгийг Үнэ тогтворжуулах хөтөлбөрт дур мэдэн зарцуулсан гэдэг. Иймд түүнтэй холбоотой байж болзошгүй авлига, албан тушаалын хэрэгт эрүү үүсгэн удтал шалгаж байгаад, өнгөрсөн шөнө баривчилжээ. Н.Золжаргал одоогоор ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид хорьж байна.

0 сэтгэгдэлтэй