ДЭЛХИЙН УР ЧАДВАРААС ҮЛДЭХ ДААЛГАВАР-4

Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо болсон Дэлхийн ур чадвар тэмцээнд монголчууд хэрхэн оролцсон тухай гурван цуврал нийтлэлийг та бүхэнд толилуулсан билээ. Энэхүү цувралын дөрөвдүгээр хэсэгт бусад улс орнууд хэрхэн бэлдэж оролцдог, энэхүү тэмцээний цаана чухам юу агуулагддаг талаар сонирхолтой мэдээлэл бэлтгэснээ та бүхэнтэй хуваалцаж байна.

Абу Даби хотноо болсон Дэлхийн ур чадварын 44 дэх удаагийн тэмцээний алт, мөнгөн медалийг БНХАУ, БНСУ хүртэж, ОХУ тав, Тайвань зургадугаар байрт шалгарсан.  Ер нь монголчууд бид ур чадвараа сайжруулах боломжийг холоос хайх шаардлагагүй гэдэг нь эндээс харагдаж байгаа юм. Хоёр хөршөөс маань гадна БНСУ, Япон, Тайваний Засгийн газрууд энэхүү тэмцээнд өндөр ач холбогдол өгч, оролцогчдоо сайтар бэлтгэн оролцуулж, тэр хэрээр медалийн тоогоор дэлхийд дээгүүр жагсаж байгаа учир бид хамтарсан бэлтгэл хийх, уралдаан тэмцээнд нь оролцох, туршлага судлах шаардлага хүссэн, хүсээгүй бий болоод байна.

Засгийн газар болон үндэсний томоохон аж ахуйн нэгжүүд, ТББ-уудын оролцоогүйгээр дэлхийн тэмцээнд өндөр амжилт үзүүлэх боломжгүй гэдгийг тэмцээнийг хөндлөнгөөс ажиглахад тодорхой ойлгогдож байлаа. 2015 онд алтан медаль хүртсэн Бразилийн оролцогчийн эксперт багшаас амжилтын нууцыг нь тандахад “Сүүлийн дөрвөн жил өдөрт найман цагаар бэлтгэл хийсэн” гэж хариулсан тухай гагнуурын эксперт багш С.Батсайхан бидэнд сонирхуулж ярьж байсан юм. Дөрвөн жил гэдэг олимпийн мөчлөг гэдгийг бид мэднэ. Дэлхийн ур чадварын тэмцээнийг Дэлхийн ур чадварын олимп хэмээн нэрийддэг. Тэд бэлтгэлийг ингэж базааж өндөр амжилт гаргадаг байх нь ээ. Монгол улсын хувьд Оюутолгой компани гагнуурын оролцогчийн бэлтгэлийг дааж, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг өгөөмөр гараа сунгадаггүйсэн бол бид амжилт гаргаж чадахгүй байх байсан.

Хэлэх гэсэн санаагаа илүү тодорхой болгохын тулд БНСУ-аар жишээлье. Өмнөд Солонгосын үсрэнгүй хөгжил, аж үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж буй баталгаа, техник технологийн манлайллын нэгэн илэрхийлэл нь Дэлхийн ур чадвар тэмцээний үр дүн юм. Өмнөд Солонгос энэхүү тэмцээнд өндөр ач холбогдол өгдөг нь Абу Даби хотноо болсон 44 дэх удаагийн тэмцээний Ерөнхий ивээн тэтгэгч нь Самсунг групп байснаас харагдаж байсан юм. Өмнөд Солонгосын Дэлхийн ур чадварын тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр Самсунг, LG хоёр ажилладаг бөгөөд өөрсдийн оролцогчдын бүхий л шаардлагатай санхүүжилтийг даадаг гэдгийг дуулаад нэгийг бодож, хоёрыг тунгааж байлаа. Санхүүжилтгүйгээр Дэлхийн ур чадвар тэмцээнд амжилт гаргах аргагүй.

2019 оны Дэлхийн ур чадварын тэмцээн ОХУ-ын Казань хотноо зохиогдоно. Тэгэхэд 2019 оны тэмцээнд оролцох Өмнөд Солонгосын оролцогчид одоо аль хэдийнэ тодроод, бэлтгэлдээ орчихсон явж байна. Тэр хэрээр оролцогчид нь дэлхийд тэргүүлж, дэлхийн сонорт БНСУ-ын техник технологи, аж үйлдвэрийн манлайллыг сурталчилж, бишрүүлж чадаж байна.

Олимпод оролцож буй тамирчдад Засгийн газар нь өндөр шагнал амладаг шиг Дэлхийн ур чадварт оролцох тамирчдынхаа урам зоригийг бадраахын тулд БНСУ ч чамгүй өндөр шагнал амладаг. Тухайлбал, Дэлхийн ур чадвар тэмцээний алтан медальд 67.2 сая, мөнгөд 56 сая, хүрэлд 39.2 сая вон амладаг байна. Тусгай байрын шагнал хүртвэл 10 сая воноор урамшуулдаг аж. Энэ бол дэлхийн ур чадварт амладаг амлал нь. Харин улс дотроо зохион байгуулдаг Worldskills Korea тэмцээний алтан медалийг 12 сая вон, мөнгөд 8 сая, хүрэлд 4 сая воноор байлдаг ажээ. Тусгай байрын шагнал буюу 4-6 дугаар байр эзэлбэл 500.000-1 сая вон өгдөг. Оролцогчийг ингэж шагнахаас гадна эксперт багш нарт ч өндөр шагнал хүртээдэг байна. Засгийн газраас гадна ивээн тэтгэгч компаниудын шагнал, нэр хүндтэй компаниудад ажиллах урилга, өндөр цалин дагалдана. Тиймээс тэд энэ тэмцээнд амжилт гаргахын тулд өдөр, шөнийг үл ялган хөдөлмөрлөдөг ажээ.

Хөршүүд маань орчин үеийн техник технологиор тивдээ төдийгүй дэлхийд тэргүүлээд эхэлчихлээ. 2017 оны 44 дэх тэмцээний 3D дижитал тоглоомын урлаг төрөлд Сингапур, БНСУ, БНХАУ-ын оролцогчид эхний гурван байрыг эзэлсэн. Мэдээллийн сүлжээний үүсгүүр төрөлд БНХАУ, Япон, БНСУ, Сингапурын оролцогчдын урд гишгэх орон байсангүй. IT сүлжээний системийн удирдлага төрөлд БНСУ, ОХУ, БНХАУ-ын оролцогчид эхний гурван байрыг эзэлсэн. Гар утасны автоматжуулалтын багийн төрөлд БНСУ, ОХУ, БНХАУ, Япон эхний дөрвөн байрыг эзэлсэн байх жишээтэй. Энэ бүхнийг нуршихын учир нь хөршүүд маань цахим сүлжээ, мэдээллийн аюулгүй байдал, дижитал ертөнцөд өөрсдийн орон зайг нэгэнт эзэлжээ. Бид цаг алдалгүй тэднээс суралцах хэрэгтэй байна. Монголын үндэсний компаниудын үүсгэл санаачилга үүнд нэн чухал байна. Оюутолгой, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг дээр Эрдэнэт үйлдвэр, MCS групп зэрэг үндэсний толгой компаниуд ивээн тэтгээд ороод ирвэл монголчууд Ур чадварын олимпод хүссэн амжилтаа үзүүлэх нь гарцаагүй юм.

Монголчууд Дэлхийн ур чадвар тэмцээнд өндөр амжилт гаргах бүрэн боломжтой. Юун түрүүнд Монгол ур чадварын тэмцээнийг даруй зохион байгуулж, 2019 оны оролцогчийг тодруулмаар байна. Оюутолгойн замналаар бусад үндэсний томоохон компаниуд оролцогчдын бэлтгэл сургуулилтыг нь хийлгүүлмээр санж. Үндсэрхэг үзлээ үүнд л харамгүй харуулах хэрэгтэй юм шиг санагдана. ОХУ, БНХАУ-ын оролцогчидтой хамтарсан бэлтгэл хийлгүүлж, улс, бүсийн тэмцээнүүдэд оролцуулж, тэмцээний сэтгэл зүйд хат суулгамаар байна. Тэгээд эцэст нь Дэлхийн ур чадвар байгууллагын стандарт, үнэлгээний системийг Монголын мэргэжлийн боловсролын салбарт нэвтрүүлмээр байна.

Дараагийн Дэлхийн ур чадвар тэмцээн даанч ойрхон байна даа…

Д.Төв

0 сэтгэгдэлтэй