Б.Батлхагва: Монголд том чадлын усан цахилгаан станц байгуулахгүйгээр утааны асуудлаас салахгүй  

Бид бүхэн зальжин улс төрчдийн үгийг үнэн гэж тоож сонсдог, бүтээн байгуулалт гардан хийж байгаа инженерүүдийнхээ үгийг бага сонсдог болоо юу даа. “Монхорус интернэшнл” ХХК-ийн Эрчим хүч, бизнес хөгжлийн газрын захирал Б.Батлхагватай уулзаад утааг арилгах арга ийм энгийн гэж үү гэж бодоход хүрсэн юм. Бүтээн байгуулагч түүнтэй Монхорус, сэргээгдэх эрчим хүч, Дэлхийн ур чадвар, Л.Төгөлдөр гэх мэт өргөн сэдвээр ярилцсанаа та бүхэнд хүргэе.

-Та өөрийгөө манай уншигчдад дэлгэрэнгүй танилцуулахгүй юу. Энэ салбарт хичнээн жил ажиллаж байна вэ?

-ШУТИС-ийн Эрчим хүчний их сургуулийг 1999 онд Цахилгаан системийн автоматжуулалт, реле хамгаалалт мэргэжлээр төгссөн. Улаанбаатар хотын цахилгаан шугам сүлжээний газар болон Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ компанид монтёроос ажлын гараагаа эхлэн техникийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга хүртэл тасралтгүй 13 жил ажилласан. Дундуур нь эрчим хүчний бодлого чиглэлээр АНУ-ын Lehigh их сургуульд магистрын зэрэг хамгаалсан. “Монхорус интернэшнл” ХХК-д сүүлийн таван жил ажиллаж байна.

-Салбартаа тэргүүлэгч, Үндэсний томоохон аж ахуйн нэгж “Монхорус интернэшнл групп” ХХК нь барилга, дэд бүтэц, эрчим хүчний чиглэлээр ажилладаг. Таны ажлын ачаалал хэр байдаг вэ?

-Монгол улсад хийх, бүтээх зүйл маш их байгаа болохоор хувийн хэвшлийн төлөөлөл болсон бидний ажил ерөнхийдөө их талдаа. Хувийн салбарт ажиллаж эхэлснээс хойш бараг сар бүр гадагшаа явдаг ажилтай болсон. Эхний гурван жил бол бараг амардаггүй байсан. Одоо аль болох ажил амралтаа зохицуулахыг хичээж байгаа. Гэхдээ би дуртай ажлаа хийж байна. Хийсэн бүтээснээ харах бахархалтай байдаг, үүнээс асар их кайф авдаг. Монгол Улсынхаа Эрчим хүчний хөгжилд хувь нэмрээ оруулж, түүхэнд бичигдэх олон төсөл, хөтөлбөрт манай компани оролцож  байгаа нь илүү эрч хүч өгч ажиллах урам зоригийг нэмж байна даа.

-Сургууль төгсөн ирж байгаа залуусын ажлын ур чадвар хэр байна гэж боддог вэ. Ололттой, дутагдалтай тал байна уу. Ажлын байр олгогчдын хамгийн том зовлон юу вэ?

-Зөвхөн эрчим хүчний салбар гэлтгүй бүхий л салбарт мэргэшсэн ажилтны хүрэлцээ багатай байна. Амаар ярьдаг инженерүүд их байгаа боловч гараар бүтээдэг хүмүүс дутмаг байсаар. Энэ нь манай боловсролын системтэй ч холбоотой байх. Гуравхан сая хүнд хэтэрхий олон их сургууль байна. Төрийн компаниудын нэгэн адил хувийн компаниудын хувьд ч гадаад, дотоодын богино хугацаатай төслүүдэд хүнээ их алддаг. Хүн бэлдэхгүй бол манай ажил явдаггүй, бэлдэхээр хэсэг хугацааны дараа өрсөлдөгч компани болоод явчихдаг. “Монхорус” маш олон өрсөлдөгч компаниа төрүүлэн гаргасан байдаг юм билээ. Тэгсэн ч бид ажилтнууддаа сургаад л явж байна.

-Шинэ ажилтанд гурван сарын дадлагын хугацаа олгодог юм билээ. Энэ хугацаанд “Монхорус” гэдэг школыг суулгаж өгч чаддаг уу?

-Хүн, хүнээсээ болно. Хүн ер нь аливаа шинэ зүйлд дасах нутагших хугацаа гэж байгаа нөгөө талдаа өөрийгөө мэдрэх, өөрийн сонголтондоо баттай зогсох боломжийг өгч байна.  Манай компанийн хувьд удирдлагын түвшинд сүүлийн үед ур чадвар хөгжүүлэгч (talent manager) гэж хүн байх ёстой гэдгийг олж харан ажиллаж байна. Ур чадвар хөгжүүлэгч нь компанийн бүх ажилтныг нэг бүрчлэн судалж, хөгжүүлэлтийн бодлого боловсруулж, мөрдүүлж ажиллаж байна. Энэ мэргэжил Монголд орж ирээд удаагүй шинэ ойлголт. Компаниуд одоо ойлгож эхэлж байна.

-Танай компанийг салбарынхаа ирээдүйн боловсон хүчнийг бэлдэхэд ихээхэн анхаарч ажилладаг гэж ажиглалаа. ШУТИС-д “Цахилгаан хөтлүүр, автоматжуулалт”-ын лаборатори нээж өгсөн. Мөн жил бүр шилдэг оюутанд тэтгэлэг гардуулдаг уламжлалтай юм байна?

-Манай салбарын дийлэнх ажилчдыг ШУТИС бэлдэж байгаа учир бид энэ сургуульд их анхаарал хандуулдаг. “Монхорус”-ийн хувьд ШУТИС-д өмнө нь хоёр лаборатори, 2016 онд АББ групптэй хамтраад бас хоёр лаборатори байгуулалцаж өгсөн. Цахилгаан системийн тоног төхөөрөмжийн лабораторит хүүхдүүд хамгийн орчин үеийн хуваарилах байгууламжууд болон хүчний трансформатор дээр гараараа үйлдэл хийж бодит ажлын талбар дээр ажиллаж байгаа мэт туршлагуудыг хуримтлуулах боломжтой болсон. Мөн тэдгээрийн дотоод бүтэц хийцийг нь бодитоор харж ойлгох боломжтой болсон. Цахилгаан хөтлүүр, автоматжуулалтын лабораторит төрөл бүрийн аж үйлдвэрийн процессийг автоматжуулж турших, хөдөлгүүрийн ухаалаг удирдлагын хамгийн орчин үеийн давтамж хувиргагч дээр ажиллаж сурах боломжтой болсон. Ингэснээр сургуулиа дөнгөж төгсөөд гарч байгаа оюутнууд маань сүүлийн үеийн шинэ технологи бүхий үйлдвэрүүдэд шууд ажлаа хариуцаж аваад бие даан ажиллах чадвартай болж байна. Тэтгэлгийн хувьд мэргэжилдээ дуртай, сурлагадаа сайн, амьдралын боломжгүй оюутанд өгдөг. Мэргэжилдээ дуртай байх хамгийн чухал шүү.

-Ажил олгогчид үргэлж л сайн боловсон хүчнийг эрж хайж байдаг гэж боддог. Энэ ч утгаараа Дэлхийн ур чадвар тэмцээний цахилгааны төрөлд амжилттай оролцоод ирсэн Л.Төгөлдөрт ажил санал болгосон гэж ойлгож байгаа. Танай шаардлагад нийцэж ажиллаж чадаж байна уу?

            -Бид нарт гараар юм хийж байсан, яг энэ чиглэлээр сурсан чадварлаг залуус дутмаг байдаг. Л.Төгөлдөрийн хувьд нэлээд боломжийн түвшинд бэлтгэгдсэн хүүхэд байна лээ. Бидний цаг хугацааг хэмнэж өгч байгаа гэж хэлж болно. Бэлэн шахуу хүн авсан нь азтай тохиолдол юм уу даа.

            -Цахилгаан, эрчим хүчний салбарт гэр, байгууллагын ухаалаг систем эрчимтэй нэвтэрч байна. Энэ чиглэлд танай компани хэр их анхаарч ажиллаж байна вэ. Л.Төгөлдөрийн мэргэшиж, бэлтгэл хийж байсан чиглэл нь энэ учир та нарын ажлын чиг зорилготой нийцдэг байх?

-100 хувь нийлж байгаа. Манай компанийн эрхэм зорилгод ч байдаг. Ухаалаг шийдэл, ногоон эрчим хүчийг хөгжүүлэх нь бидний зорилго. Бэлэн хүн авсан гэдэг нь ийм учиртай. Мэдэхгүй хүнийг эхнээс нь бэлдсэнээр хугацаа нэлээн алдана шүү дээ.

-Манайхаас өөр орнууд Дэлхийн ур чадвар тэмцээнд ихээхэн ач холбогдол өгч, бэлтгэл хангах болон амжилттай оролцож ирсний дараа ажлын байр, өндөр цалин, урамшуулал санал болгож байдаг. Бусад компаниудад уриалж юу гэж хэлмээр байна вэ?

-Компани бүр мундаг боловсон хүчин олж аваад, зах зээлд өрсөлдөөд явж байгаа. Суралцагч нар болон эцэг, эхчүүдэд хандаж хэлэхэд зах зээл дээр гараар юм хийдэг мэргэшсэн ажилтнууд дутмаг байна. Салхит цахилгаан станцын төсөл дээр Австралиас кранчин авч ажиллуулж байсан. Цагийн 1000 хэдэн зуун долларын цалинтай. Сул зогсохоороо ч мөнгө авдаг мэргэжилтэн. 80 метрийн өндөрт краны сумыг мм-ийн нарийвчлалтай хөдөлгөдөг энэ хүний цалин өндөр байхаас ч аргагүй. Алтан гартай  хүмүүст сайхан амьдрах боломж байна.

-Салхитын цахилгаан станц гэснээс сэргээгдэх эрчим хүчний салбар манай улсад сайн хөгжихгүй байх шиг санагддаг. Учир нь юундаа байна вэ?

-Харин ч маш хурдацтай хөгжиж байгаа. 2007 онд Сэргээгдэх эрчим хүчний хууль батлагдсан. “Ньюком” групп Сэргээгдэх эрчим хүчийг Монголд хөгжүүлэхэд түүхэн гавьяатай компани. Хуулийг нь хүртэл батлуулсан. Салхитын цахилгаан станцын төсөл дээр найман жил ажилласан гэдэг. Азаар миний бие энэ төсөлд ажиллаж, олон улсын төсөл ямар байдгийг, ажлыг хэрхэн гүйцэтгэдэг, хяналт шалгалтыг хэрхэн явуулдгийг мэдэж авсан. Одоо олон компани Сэргээгдэх эрчим хүчний бизнес рүү орж байна. Өмнө нь Монголд эрчим хүчний үнэ хямд байсан бол одоо харьцангуй бодит зардалд нь ойртсон үнээр худалдах боломжтой болж эхэлж байна. Ийм учраас хэт их сэргээгдэх эрчим хүч бий болох гээд байна уу гэдэг яриа гарах гээд байна. Гэхдээ энэ үйл явцыг хуулинд орсон ялихгүй мэт боловч бодлогын буруу өөрчлөлт нь энэ салбарыг тэр чигт нь хүнд байдалд оруулж, хөрөнгө оруулалтыг зогсоох аюултай юм. Тиймээс маш болгоомжтой хандах хэрэгтэй.

-ОХУ-аас цахилгаан худалдан авч байгаа хэвээрээ юу. Хэзээнээс эрчим хүчний хэрэгцээгээ хангадаг болох вэ?

-Монголд том чадлын усан цахилгаан станц байгуулахгүйгээр өөрсдийн хэрэгцээгээ хэзээ ч хангаж чадахгүй. Хичнээн сэргээгдэх эрчим хүч, дулааны цахилгаан станц байгууллаа ч давтамжаа хэвийн барьж ажиллаж чаддаггүй. Тиймээс бид байнга ОХУ-аас хараат байдалтай ажилласаар байна. Үүнийг Усан цахилгаан станц барьж байж шийдвэрлэх боломжтой юм. Усан цахилгаан станц Монголд байгуулъя гэхээр ОХУ-ын тал зөвшөөрдөггүй. Шулуухан хэлэхэд ОХУ-ын тал “Та нар усан цахилгаан станц байгуулчихвал дотоодын хэрэгцээгээ 100 хувь өөрсдийгөө хангачихна. Иймд барьж байгуулж болохгүй шүү. Оронд нь том чадлын шугам, дэд станц та нарт бариад өгье” гэдэг. БНХАУ-ын Засгийн газар Эгийн голын усан цахилгаан станцын мөнгийг шийдчихсэн байхад оросууд нэг очиж уулзаад л болиулчихаж байгаа юм. Энэ бол Монгол улсыг эрчим хүчний хувьд бие даахын эсрэг бодлого явж байдаг гэж бодогдоход хүргэж байна. Жижиг гүрний зовлон юм уу даа.

-Одоо байгаа Усан цахилгаан станцууд хэтэрхий өндөр үнээр боссон, боссон хэд нь хүчин чадалдаа хүрэхгүй байгаа гэдэг шүү дээ?

-Энэ бол оросуудын тархи угаалт шүү дээ. Сэтгүүлчдээр энэ талаар их бичүүлдэг. Тархи угаах ажлыг монголчуудаар өөрсдөөр нь хийлгүүлдэг. Тэнд амьдарч байгаа цөөхөн хэдхэн айлыг турхираад байгаль орчинд аюул занал учруулах гэж байгаа юм шиг ойлголтыг нийгэмд өгчихдөг. Байгаль нуур нь ширгээд сүйрэх гэж байгаа юм шигээр мэдээлэл цацдаг. Зогсоох бүхий л ажлыг олон жилийн турш хийж байна.

-Цахилгаан паар, халаагуур бол утаанаас салах нэг арга гэж хардаг. Хэрэв цахилгаан эрчим хүчний хэрэгцээгээ хангавал энэ асуудал шийдэгдэнэ, тийм үү?

-Том чадлын станц бариад, айл бүрт дамжуулж, түгээхэд асар их хөрөнгө орно. Энэ бол бүтэхгүй ажил. Бүтэхгүй ажил байхад л татвар төлөгчдийн асар их мөнгийг үр дүн багатайгаар үрээд байгаа. Миний хувийн бодлоор Монгол улсыг дампууруулах сонирхолтой хүмүүс төрийг бариад байна уу гэж бодогдохоор төрийн шийдвэрүүд маш ихээр гарах юм.

Утаанаас салах цогц бодлого шаардлагатай. Ахуйн хийг төрийн бодлого, зохицуулалтаар дэмжээд хөгжүүлбэл утаанаас бүрэн гүйцэт ангижирч болно. Цахилгаан машиныг дэмжих бодлого мөн нэн шаардлагатай. Сэргээгдэх эрчим хүчний хуулинд “Нарны дээвэр”-ийг оруулж дэмжсэн бодлого батлуулбал утаанаас салахад мөн хувь нэмэртэй ажил болно. Одоо байгаа хууль нь том чадлын сэргээгдэх эрчим хүчний эс үүсвэрүүдийг дэмждэг болохоос бага чадлын эх үүсвэр дээр ямар ч зохицуулалт байхгүй. Хуулийн зохицуулалт байхгүй учир хүмүүс хөрөнгө оруулахгүй байгаа юм. Айл бүр байшингийнхаа дээвэр дээр хэдэн нарны панел тавиад өөрсдийн цахилгааны эх үүсвэрээ тодорхой түвшинд хангах боломж бүрэн бий. Ийм хэрэгцээ ч иргэдэд их байдаг. Манай дээр зөндөө хүн асууж, сураглаж ирдэг. Нарны дээвэр хөгждөггүй гол учир нь илүүдэл эрчим хүчийг төр худалдаж авдаггүйд байна. Авдаггүй юмаа гэхэд үйлдвэрлэсэн эрчим хүчийг нь худалдан авсан эрчим хүчтэй нь баланслуулаад өгөх хэрэгтэй. Бага чадлын тархсан эрчим хүчний үүсгүүрүүд нь ухаалаг сүлжээг байгуулах, агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэртэй. Манайхаас бусад оронд ийм зохицуулалт яваад байхад бид ганцаараа үлдчихлээ.

-Эрчим хүчний салбарын хүнээс 5 дугаар цахилгаан станцын тухай эцэст нь асууя. Шав тавьсан тоогоороо Гиннесийн номонд орох байх?

-Маш харамсмаар төсөл. Бүх санхүүжилт нь боссон, бүх зүйл нь тодорхой болчихсон байсан. Улс төрчдийн шийдвэрээс болоод зогссон. Энэ бол Монгол улсын хөгжлийн эсрэг хийгдсэн бас нэг шийдвэр. Би дээр хэлсэн шүү дээ. Монголын төр Монголыг дампууруулахын төлөө ажилладаг юм уу даа гэж.

            -Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.

            Д.Төв

 

0 сэтгэгдэлтэй