Зохиолч Б.Сарантуяа: Борлуулалтаар тэргүүлдэг номуудыг хуурамчаар хэвлэдэг номын ертөнцийн сүүдэр бий болчихлоо

Таван жилийн турш борлуулалттай номын жагсаалтад багтсаар байгаа “Сорхугтани” романы зохиолч Б.Сарантуяагаас хуурамч ном борлуулагчдын сүлжээний талаар дараах тодруулгыг авлаа. Тэрбээр саяхан “Самар хатан” роман бичсэн нь аль хэдийнэ хуурамчаар хэвлэгдэн тараагдаад байгаа юм. Тодруулга хийж байхад юуны өмнө зохиолчид нэгдэж, эрүүгийн хуулинд өөрчлөлт оруулан, хуулийг нь чангатгаж, хуульчаар өөрсдийн эрх ашгийг хамгаалуулж сурах шаардлагатай юм байна хэмээн санагдлаа.

-“Сорхугтани” романыг хэдэн жилийн өмнө Өвөрмонголд хуурамчаар хэвлэж зарж байсан нь илэрсэн гэсэн. “Самар хатан”-д бас ийм явдал давтагдлаа?

-Өвөрмонголд байтугай энд хүртэл хуурамчаар хэвлэсэн. Жинхэнэтэй зэрэгцэж зарагдаад таван жил болж байна. Оюуны өмчийн газарт мэдэгдэхээр “Унаагаа өөрсдөө гарга. Газар дээр нь очьё” гэдэг. Яваад очихоор хулгайч нар нуугдчихдаг. “Самар хатан” романыг каноноор хувилсан байна. Эхний хэвлэл дээр нэг жижигхэн алдаатай хэвлэсэн юм. Хоёр дахь хэвлэлт дээр тэрийгээ зассан. Гэтэл хулгайч нар эхний жижигхэн алдаатай нь ацаг шүдний зөрөөгүй хувилсан байна лээ. Хүмүүсийг нь барьсан. Хоёр эмэгтэй байгаа. “Хүн нэг сая төгрөг өгье гэхээр нь хувилж өгсөн. Хүнээ танихгүй” гэж хэлээд сууж байна шд. Нэг нь миний номыг борлуулдаг юм, таньдаг. Нөгөө нь өмнө нь номын дэлгүүр нээгээд дампуурч байсан эмэгтэй. Надад хоёр сая төгрөгийн өглөгтэй хүн л дээ, уг нь. “200 ширхэг хувилсан. Намайг уучлаарай” гээд уйлж унжаад байх юм. Хүний эрхэнд халдаад яах вэ гээд бичлэгийг нь олон нийтийн сүлжээгээр цацахаа түр хойшлуулаад байна. Эхний ээлжинд шүүхэд өгнө дөө.

-“Самар хатан”-ыг хэдэн жилийн судалгаан дээр үндэслэж бичсэн бэ?

-“Сорхугтани”-ийг бичиж эхлэхээс л хийсэн судалгаа. Зохиолчид ямар их судалгаа, шинжилгээ хийж, ямар их хүч хөдөлмөр зарцуулж зохиол бичдэг гэж бодно. Номыг хуурамчаар хэвлэдэг сүлжээ аль хэдийнэ бий болсон. Тэд борлуулалтаар тэргүүлдэг номуудыг хуурамчаар хэвлэдэг номын ертөнцийн сүүдэр болчихоод байна шүү дээ. Зохиолчид эд нарыг цагдаад өгсөн биш өөрсдөө хэрэг хийчихсэн юм шиг цагдаагаар эргэлддэг ажилтай болдог. Манай хуулинд номын хулгайчийг торгох заалттай. Хэдэн зуун мянган төгрөгөөр торгоод явуулдаг. Ингэхээр эд нар өөгшихгүй яах вэ дээ. Номын хулгайтай тэмцэх нэг холбоо байгуулсан. Фейсбүүк хуудас нээснээс өөрөөр идэвхжээгүй байна. Зохиолчид хулгайд өртөөд байгаагаа мэддэг ч араас нь явдаггүй. Хулгайтай хамгийн сайн тэмцэж байгаа нь Хөгжмийн зохиолчдын холбоо. Өнгөрсөн жил гэхэд 100 сая төгрөгийг хөгжмийн зохиолчдодоо хуваарилж өгсөн байна лээ. Монголын зохиолчид ингэж нэгдэх шаардлагатай.

-Тодруулга өгсөнд баярлалаа.

0 сэтгэгдэлтэй