Эмч Б.Цэцэгээ: Надад хандсан харшилтай хүмүүсийн 80-90 хувь нь эдгэсэн

Тоостой амбаарт хоёр цаг зогссон биш харшилтай болчихов. Найз нөхдийн харшлаар зовж буй тухай сонсож байснаас биш, өөрөө ингээд тусчихна гэж бодож байсангүй. Лай ланчгийг нь эдэлж эхэллээ дээ. Хамар байнгын битүүрч, цацлага цацахгүй бол онгойхоо болив. Шөнө унтаж чадахгүй хөрвөөж, ам хуурайшин зовооно. Нүдээ ухаад хаячихмаар болж загатнана. Харшилтай хүмүүс энэ зовлонг мэднэ дээ. Тэгтэл эхнэр маань Б.Цэцэгээ эмчээр зүү тавиул гэж зөвлөдөг юм байна. Эхнэр маань бага залуудаа харшил туссан ба Б.Цэцэгээ эмч дээр хоёр курс яваад, одоо болтол харшил гээч зүйлээс хол явж байгаа юм. Сурсаар байгаад оллоо. Эхний өдөр эмчилгээгээ хийлгэхээр болтол “Наад хамрын цацлага чинь маш муу эд. Хаячих” гээд хогийн сав заах юм. “Энэ байхгүй бол эмч минь би үхнэ шүү дээ“ гэлээ. “Үхэхгүй ээ, миний хүү, хаячих” гэсээр хаяуллаа. Гэтэл зүү тавиулсан эхний өдөр хамар битүүрсэнгүй, амар тайван хонодог юм даа. Эхний өдрөөсөө л үр дүнг нь мэдэрсэн. Уг нь багадаа хоёр курс явах ёстой юм билээ. Эдгэсэн учраас би дахин яваагүй.

-Удам судар, нутаг ус асууж танилцдаг нь монголчуудын заншил. Үүнээс яриагаа эхэлье?

-Өндөр өвөг маань их, бага таван ухаан, монгол бичиг, төвд, зурхай, эмийн ном сайн мэддэг ловон лам байсан гэдэг. Аав маань багадаа дуганд нь цан цохиод сууж байдаг байсан гэж биднийг том болсон хойно дурсаж ярьдаг байсан. Аав маань “Герман Балжир”, “Хүүхдийн Балжир” гэж хүндлэгдсэн хүүхдийн мэс заслын эмч хүн байлаа. Аав маань Монголд хүүхдийн мэс заслын үндсийг тавьсан хүн. Хүүхдийн мэс заслын анхны үзлэгийг хийсэн хүн гэдгээр нь би үргэлж бахархаж явдаг. Анагаахын дундад багшилж байхдаа олон сайхан шавь төрүүлэн гаргасан. Эрдэмтэн, зохиолч С.Оюун, Эрүүл мэндийн сайд асан Д.Нямдаваа, зохиолч, сэтгүүлч Т.Очирхүү нар бол аавын маань шавь. Би Булган аймгийн Тэшиг суманд 1948 оны 12 сард төрсөн. Хантайн бригад тухайн үед сум байсан юм. Намайг төрөхөд аав маань эх барьж авсан гэдэг.

-Тэгэхээр эмч болох нь таны багын мөрөөдөл байжээ дээ?

-Эмч болох нь байтугай, ямар мэргэжилтэй болохоо мэдэхгүй хүүхэд явлаа. Анагаахын дээдэд аав намайг хөтөлж аваачаад оруулж байсан. 1971 онд сургуулиа “ЗСБНХОУ-ын Коммунист намын түүх” гэдэг хичээл дээр л дундтай, бусад нь онц, сайн төгссөн. Төгсөөд 1975 он хүртэл Дархан хотод Эх барих, эмэгтэйчүүдийн эмчээр ажилласан. Хүнд ажил шүү дээ, эх барих гэдэг. Иймээс 1976 онд хотод орж ирүүтээ Чих, хамар, хоолойн эмч бэлтгэх анхны курсийг төгсөж, эмч болсон. Ажлаа арай хөнгөвчилье гэж санасан юм уу даа. 1980-81 онд хуучнаар Ленинград хотод Хүүхдийн эмчийн дээд сургуульд М.Я.Козлов багшийн удирдлаган дор суралцаж, хүүхдийн хэнгэргийн хальс нөхөх мэс засалчаар мэргэжил дээшлүүлсэн. 1976-86 онд хуучнаар Найрамдлын районы (одоогийн Баянзүрх) хүүхдийн эмнэлгийг шинээр байгуулахад нь хүүхдийн чих, хамар, хоолойн кабинетийг байгуулж ажилласан. Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд 1987-2006 оны хооронд ажиллаж байхдаа 2003 онд чих, хамар, хоолойн “Онон-Ач” хувийн эмнэлгээ байгуулсан. Улсад 32 жил, хувийн салбарт 14 жил ажиллаж дээ.

-Гол яриандаа орьё. Зүүгээр харшил анагаах аргад хэзээнээс суралцаж, эмчилж эхэлсэн бэ?

-“Вестник оториноларингология” гэж чих, хамар, хоолойн мэргэжлийн орос сэтгүүл захиалж уншдаг байлаа. Энэ сэтгүүлээс эмчилгээний олон шинэ арга барилын талаар сурч, мэдэн хэрэгжүүлдэг байсан. Нэгэн дугаараас Москвагийн клиникийн 55-р эмнэлгийн зүүгээр харшил эдгээх туршлагын тухай бичсэнийг олж уншин, Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийн өвчтөнүүдэд туршсан нь маш амжилттай болж, 2003 оны 5 сарын 20-нд “Хамрын харшилт өвчнийг эмчлэх арга” сэдвээр оюуны өмчийн патент авсан. Энэ бол хамрын харшлыг эдгээх маш үр дүнтэй арга гэдэг нь өнгөрсөн хугацаанд батлагдаад байна. Надад хандсан хүмүүсийн 80-90 хувь нь эдгэсэн. Би ирсэн хүмүүст хэлдэг “Таславч мурий, уртай, дайврын үрэвсэлтэй гэх мэт дайвар эмгэгүй л бол үр дүн гарна” гэж хэлдэг. Гэхдээ сүүлийн үед таславчийн мурий (хамар нь мурий.сур)-тай  хүн ч эдгэж байгаа.

Сэтгүүлчийн зүүлт: Өнгөрсөн сараас харшил сэдрэх шинж тэмдэг илэрдэг юм. Унтуулахгүй зовоон, хамар байнгын битүүрч, цацлага мацлагадаа тулаагүй ч ер нь нэгэнт шинж тэмдэг илэрсэн тул хашраас алдахгүй хэмээн Б.Цэцэгээ эмч дээрээ дахин зүү тавиулав аа. Нэг курс явах биш, дор хаяж хоёр курс явмаар юм байна гэсэн хувийн дүгнэлт хийгээд сууж байна даа. Нэг курс нь 80,000 төг тул өндөр үнэд тооцогдохгүй байх.

-Эмчилгээний хувьд хамар дотор зүү тавьж, цэгийг нь цочроож эмчилдэг гэж би бодоод байгаа, зөв үү?

-Хамрын хөндийн мэдрэхүйн цэгт зүү тавьж байгаа юм. Зөв эмчилгээ нь бол жилд хоёр удаа (хавар, намар) курс эмчилгээ хийлгэж, нийт гурван жил явбал бүрэн эдгэрнэ. Гурван жил яваад бүрэн эдгэрсэн хүн бий. Манайхан ихэвчлэн нэг, хоёр удаа яваад л гайгүй болоод больчихдог. Найм хоног зүү тавиад, 14 хоног завсарлана. Дараа нь зургаа хоног тавьснаар нэг курс болдог. Хүмүүс харшил нь хөдөлсөн хойно ирдэг. Уг нь хөдлөхөөсөө өмнө ирвэл илүү үр дүн гарна гэж хүмүүст хэлдэг дээ.

-Зүү тавиулсан хүмүүст анхаарах ямар зүйлүүд байдаг вэ?

-“Эдгэрнэ, болно” гэж хүн өөрийн сэтгэл зүйг өндөр байлгах нь эмчилгээнд нөлөөлдөг. Мөн, идээ ундаа, явдал мөрөө зохицуулж байх хэрэгтэй. Шар айраг, айраг, халуун ногоо, цуу гэх мэт харшил сэдрээдэг хүнс хэрэглэж болохгүй. Хөдөө гадаа явахдаа шарилж, өнжмөл өвстэй газраар явбал харшил аргагүй хөдөлдөг. Иймээс чийгтэй, гол мөрөн бараадаж явбал сайн. Ингэж л чадвал эдгэрнэ шүү. Насан туршдаа эрүүл байх нь хүнээс өөрөөс нь хамаарна. Олон жил болсон орны матрас хүртэл маш их тоос агуулдгийг хүмүүс мэддэггүй. Эрүүл агаарт тогтмол гарах нь ч харшлын эмчилгээнд үр нөлөөтэй.

-Энэ аргаа шавь нартаа өвлүүлж байна уу?

-Манай хүүхдүүдээс миний мэргэжлийг өвлөсөн хүн байхгүй. Гэхдээ нэг шавь бий. Түүндээ өвлүүлж, үлдээнэ.

-Ярилцсанд баярлалаа.

Б.Цэцэгээ эмчийн тухай фейсбүүк дээрээ бичсэн биш, утсыг нь асууж сурсан хүмүүсийн хүсэлтэд даруулсан. Яг тэр үед нь эмч маань хөдөө амралтаар явж таараад, олон хүн адгаж хүлээх шиг болсон. Энэхүү ярилцлагыг уншаад, Б.Цэцэгээ эмчийн хаягийг нь асуух хүмүүст хэлэхэд, Хархорин захын хойно, хуучнаар “Хатанбаатар” эмнэлэгт чих, хамар, хоолойн “Онон-Ач” эмнэлэг байрлаж байгаа. Б.Цэцэгээ эмчийн утас 9976-6320. Хэрэв үүнийг уншигч та бүхний дунд Б.Цэцэгээ эмчээр зүү тавиулаад эдгэсэн хүн байх ахул фейсбүүкт шинээр нээсэн “Б.Цэцэгээ эмч” хуудсанд лайк дарж нэгдээрэй. Эмч маань өдгөө 70 насны сүүдэр зооглож байгаа ч энгэрт нь заавал гялалзах учиртай Алтан гадас ч үгүй юм билээ. Ачтай, буянтай хүндээ энэ гавьяа, шагналыг нь хөөцөлдөхөд бидний нэгдсэн хүч тусыг олох ч юм бил үү.

Д.Төв

26 сэтгэгдэлтэй

  • Sain bnu manai eej harshiltai yumal daa odoo harshlan 20 Heden jil garj bga maa ymarch Em taria nemer bolohgvi .jaahan ydar haar bas eron bvh yum nii harshiltai ymlda .94 onoos hoish garj bga harshil ymal da .ta tusalaach .yahaw ymar emchil gee hiiwel boloh we tus laach emchee?? Ene my dugar zowol goo ogj tus laach 89489418 ??? 🙂 🙂

  • Сайн байна уу? Хамрын харшилтай. Харин өдөөгч нь ургамал биш. Ээж маань яг ийм харшилтай. Даарахаар, халууцахаар, агааргүй битүү газар байхаар, тамхи, арцны утаа үнэртэхээр найтаагаад хамар битүүрчинэ. Хамрын дусаалга байнга хэрэглэнэ. Дусаалгагүй бол агаар дутаад давчдана. Элдэв эмч домчид үзүүлээгүй, янз бүрээр оролдоогүй. Танаар эмчлүүлбэл яах бол, эдгээх арга байна уу.

  • Chih hamar hooloinii emch baihad n uzuulj bailaa.Ergeed ochj uilchluulheergui zantai hun baisn.Odo huviin emneleg baiguulaad uurchlgudsiim bailgude.

    • Харин тийм.мөнгө авч үйлчилж байгаа хувийнхаа эмнэлэгт чухам нуур нугас байдаг байлгүйдээ

  • Хамар байнга битүүрдэг 4 улиралд. Гамройт той мөн олон төрлийн харшилтай хүн эдгэрэх боломжтой юу

  • Sn bnuu minii egch daapxaapaa bieer ni tom tom guvdpuu gapaad nvvp ni xvptel xavdchixdag yumaaa. ene jilees omnoxoo bodvol bvp ilvv xvndreed bx shg bn jaaxan daapxaap l xapshl ni bieer ni bitvv gapaad zvpx ni delseed bdg bolson ymap apga xemjee avax vee 

  • Манай ид шидтэй гээд сурталчлаад байдаг эмч, бариач, домч нар хүнийг явуулж явуулж сүүлд нь өөрөө итгэл үнэмшилгүй байсан, эсвэл гам зам хийгээгүй гэдэг бурууг өөрт нь өгөөд хаячихдаг. Энэ эмч харин ялгаатай юм шиг байна.

  • Олон хүнд буян болсон хүн дээ. Би энэ хүнээр эмчлүүлээд харшлаас салсан. Одоо 18 жил өнгөрч бна. Нэг ч сэдрээгүй. Бодвол нам дарсан бх

  • Сайхан мэдээ өгсөнд баярлалаа. Охиноо эмчлүүлье гэсэн сэтгэгдэл төрлөө. Эмчдээ амжилт хүсье!

  • Эрүүл мэндийн зайлшгүй шаардлагаар энэ эмчид үзүүлж байлаа. Эмч хүн байж өвчтэй хүнийг ялгаварладаг, гайгүй хувцас хэрэглэх ёсгүй мэт үзэлтэй, группд оруулахдаа юм авах гээд ч юмуу зуучихдаг хүн байсан. Энэ хүнээс болж эмнэлэг, эмчид үзүүлэхээс ч дургүй хүрдэг болсон. Чадварыг нь үгүйсгэх гэсэнгүй.

    • za yostoi hezee ch tiim um bgagui shu.Bitgii ingej bai.Ugaasa ter n zarchim n.Uilchluulj bval bolovson soyoltoi bh heregtei shde.Bolohgui zuilin heleh n emch huni uureg.

    • Хачин муухай ааштай эмч.цэрэг татлагийн комисс дээр суудаг байхдаа түмэн хүн суусан сандал дээр (тэр үед нүцгэн ордог байсан)нь суухгүй гэж хэлсэний минь төлөө хэдэн жил ЦЭРЭГТ заавал явуулна гэж үзсэн хүндээ.би явмаар л байсан.даан ч харааны эмгэгтэй болхоор тэнцдэггүй.юмыг мартдаггүй зуунги хүн байна лээ