Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа  6 жил болно

-Ерөнхийлөгчийг улираан сонгох эрхийг УИХ ба ИТХ эдэлнэ-  

УИХ-ын хаврын чуулганы нээлт (4 сарын 5)  дээр үг хэлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч “Манай гүйцэтгэх засаглал ажил хийх гэж эрсдэл хийдэг биш, албан суудлаа хадгалах гэж тамираа бардаг онцлогтой болоод удлаа. Ажилладаг гар нь саажилттай байх юм бол айлыг чирч явдаг ганц нь байгаад ч нэмэргүй. Улсын хувьд бүр хэцүү. Ийм байдлаасаа Монгол Улс ангижрах ёстой” гэж хэлсэн. Энэ бол Үндсэн хуулийн өөрчлөлтийг зайлшгүй хийх хэрэгтэй бөгөөд эс хийвээс энэ нь “Засгийн газрыг чадамж муутай болгож байна” гэж шулуухан хэлснийг бид сонссон.

УИХ-ын дарга М.Энхболд Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухайд хаврын чуулганы нээлт дээр:

-УИХ, Засгийн газрын түвшинд байгуулагдсан Ажлын хэсгүүдэд ирсэн саналаас үзвэл Монгол Улсын иргэдийн дийлэнх олонхи нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой гэж үзэж байгаа юм билээ. Тиймээс хаврын чуулганаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн хэмээсэн. Үүнээс гарах дүгнэлт нь, Д.Лүндээжанцан гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийн дүгнэлт гарсан ба хаврын чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлахаар шийдвэрлэжээ.

Иргэдийн дийлэнх олонхи нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой гэж үзэж байгаа талаар ямар нэгэн эргэлзээ байх аваас нэг мөр болгохоор Зөвлөлдөх санал асуулгыг хоёр шаттайгаар явуулахаар болоод байна.

Үндсэн хуулийн өөрчлөлтөд юу, юу тусгалаа олсон бэ?

Нэгд, Улсын Их Хурал, Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцвэрийг хангах, хоёрт, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, энэ чиглэлд ажил, үүргийн давхардлыг арилгах үүднээс Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох, гуравт, улс төрөөс хараат бус, чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх, дөрөвт, засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх, тавд, төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах зэрэг сэдвийн  хүрээнд 12 асуудлыг тусгажээ.

Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Засгийн газрын тэргүүний эрх, үүргийг сайтар тусган өгчээ. Ингэснээр УИХ-ын дарга нь “Хэрэв та нар ийм шийдвэр гаргах юм бол бид огцруулна шүү” хэмээн Ерөнхий сайдынхаа өөдөөс архирахаа болино гэсэн үг юм. Мөн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг зургаан жил байхаар тусгаж, улираан сонгох эрхийг УИХ ба ИТХ-д даатгажээ.

Засгийн газрын бүрэлдэхүүнээ тогтоох, гишүүдийг томилох, чөлөөлөх эрхийг Ерөнхий сайдад олгох, Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс дээшгүй хувь нь Улсын Их Хурлын гишүүн байж болохоор хязгаарлах, Засгийн газрын бүтцийг Үндсэн хуулиар тогтоож, бүтцийн хувьд төрийн бодлогын залгамж чанар, тогтвортой байдлыг хангах зорилгоор яамдын нэрийг хуульд зааж өгөх, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 6 жил байх, улируулан сонгохгүйгээр Улсын Их Хурлын өргөтгөсөн хуралдаанаас сонгодог болох /Улсын Их Хурлын өргөтгөсөн хуралдааны бүрэлдэхүүн нь Улсын Их Хурлын 76 гишүүн, аймаг, нийслэл, хотын ИТХ-ын нийт гишүүдээс бүрдэнэ/, Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгчийн зарим бүрэн эрхийг өөрчилж, хууль санаачлах, Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргах эрхийг хасах зэрэг асуудлыг тусгажээ.

Мөн Төрийн албаны зөвлөлийг улс төрөөс хараат бус, Үндсэн хуулийн эрх мэдлийн байгууллага болгох, төрийн жинхэнэ албыг мэргэшсэн, тогтвортой, шатлан дэвших зарчимд шилжүүлэх, Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэл, хотод, аймаг нь сум, хотод /орон нутгийн харьяалалтай/, сум нь баг болон тосгонд, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд, хот нь хороонд хуваагдахаар Үндсэн хуульд бэхжүүлэх, баг, хороо, тосгоны Засаг даргыг улсын чанартай хот болон сум, дүүргийн Засаг дарга шууд томилдог болох асуудлаар санал асуулга явуулахаар заажээ. Түүнчлэн төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах асуудлын хүрээнд улс төрөөс ангид төрийн хариуцлага, сахилгыг дээшлүүлэх Үндсэн хуулийн байгууллага бий болгох, төрийн хариуцлагыг дээшлүүлэх, авлигатай тэмцэх бодлого, хэрэгжилтийг хангах, нийгмийн шударга ёсыг сахин хамгаалах байгууллагыг улс төрийн нөлөөллөөс ангид хараат бус, бие даасан байгууллага болгож зохион байгуулах асуудлыг санал асуулгын нэг гол сэдэв байхаар тусгажээ.

Түүнчлэн төрийн эрх барих байгууллага нь Ардын Их Хурал, хууль тогтоох байгууллага-Улсын Бага Хурал гэсэн хоёр танхимтай байх асуудлыг нээлттэй хэлэлцэх нөхцөлийг хангахаар нэг сэдэв болгож оруулсан байна.

Зөвлөлдөх санал асуулгын эхний шатыг 2017 оны 04 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд Төрийн ордны Их танхимд зохион байгуулахаар тогтсон билээ.

0 сэтгэгдэлтэй