Золбин нохой устгалд сард дунджаар 900 саяыг зарцуулдаг

Хотын дарга С.Батболд томилогдсоныхоо дараа золбин нохой устгалд чанарын шинэчлэл хийхээр “эр нохдыг засах” тухай яриад, удалгүй таг чиг болсон. Манайхаас өөр оронд болдоггүй нөхдийг “хөнгөлж” арга хэмжээ авдаг юм билээ. Манайд бол золбин нохдыг зөвхөн буудаж устгадаг ба олон жил үргэлжилж байгаа энэхүү арга хэмжээ үр дүнгүй гэдэг нь 100 хувь батлагдаад байгаа юм.

Нийслэлээс гаргасан албан ёсны тоогоор бол өдөрт дунджаар 350 золбин нохой устгадаг байна. Нэг нохойд 7000 төгрөг зарцуулна. Нэг нохойнд хоёр ширхэг сум зарлагдана гэж үзвэл тус бүр нь 2000 төгрөг, анчинд үлдсэн 3000 төгрөг нь цалин хэлбэрээр оногдоно. Мэдээж цаана нь “Нөөц” компанийн жолооч нарын сэлбэг хэрэгсэл, шатахуун, байрны халуун дулаан, цэвэрлэгээ гэх мэт зардлууд тооцогдоно. Ингээд бодохоор нийслэлд золбин нохойнд өдөрт хамгийн багадаа 30 орчим сая төгрөг, сардаа 900 сая, жилдээ 11 тэрбум орчим төгрөг зарцуулдаг байх нь. Үүнийг сүүлийн хорин жилээр тооцвол “халагламаар” овоохон мөнгө гарна.

Энэ нь цаанаа Нийслэлийнхний унацтай бизнесийн нэг болсон байхад гайхах юм алга. Үр дүн гараад, золбин нохой устах нь дарга нарт ашиггүй учраас тэр л дээ. Уг нь нохдыг хөнгөлөх ажлыг аль нэг хувийн компанид ногдуулаад, хөнгөлсөн нохойгоор нь баталгаа болгон, мөнгө олгоод эхэлбэл, золбин нохойн тухай дуусдаггүй үлгэр нэг тийшээ болох боломжтой. Эс бөгөөс золбин нохойд уруулсан хүмүүсийн гомдол тасрахгүй, нохой бууддаг бизнест татвар төлөгчдийн мөнгө үрэгдсээр байх болно.

0 сэтгэгдэлтэй