Нас барсан иргэдийн нэрээр тэтгэвэр авсан хэрэг дахин сөхөгдлөө

Нийгмийн даатгалын байцаагч нар нас барсан болон хилийн чанадад буй иргэдийн нэрээр тэтгэвэр авсан гэмт хэргийг цагдаагийн байгууллага илрүүлэн шалгаж эхэлсэн нь 2014 оны үйл явдал. Тухайн үед сайд байсан хүн нь АН-ын дарга С.Эрдэнэ. Энэхүү хэрэг явдлын тухай “Ахмад настай, нас барсан иргэдийн нэр дээр их хэмжээний тэтгэвэрийн зээл авсан хэрэг гарсан. Тухайлбал, нас барсан хүмүүсийн бүртгэлийг нь бүртгэлийн системээс хасахгүйгээр банкуудтай хуйвалдаж, тэтгэвэрийн зээл авч улсад үлэмж их хэмжээний хохирол учруулсан хэрэг шалгагдаж байна” гэж ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлж байв. Өдөр тутмын сонинд гарсан мэдээллээр бол энэхүү гэмт үйлдлийг 70 орчим мөрдөн байцаагч шалгаж, нийт 45.9 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлсэн байдаг.

Нийгмийн даатгалынхны тэтгэвэр авдаг арга нь энгийн. Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын акт, хувийн хэргийг хуурамчаар үйлдэн тахир дутуугийн тэтгэвэр тогтоодог, нас барсан хүнийг амьд хэмээн бичиг баримтыг нь хуурамчаар мэдүүлж, ясыг нь өндөлзүүлдэг, банкныхантай хуйвалддаг, ихэвчлэн Казакстан улс руу гарсан иргэдийн нэрээр тэтгэвэр “цохьдог” гэх мэт аргатай байжээ. Ийм маягаар арав орчим мянган иргэний нэрийн өмнөөс мөнгө иддэг байсан байдаг.

Товчхондоо, нийгмийн даатгалын байцаагч нар гэмт хэрэг үйлдсэнийг нь цагдаагийн байгууллага тогтоогдсон. Цагдаагийн байгууллага үүн дээр сайн ажилласан. Харамсалтай нь 45.9 тэрбум төгрөгийн зөрчил нь зургаан тэрбум болж буураад, улмаар хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэдгээр хэрэг нь өнгөрсөн жил хэрэгсэхгүй болсон.

Энэ тухай Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Бясман хэвлэлийнхэнд хэлэхдээ “Нийслэлийн дүүргүүдийн нийгмийн даатгалын хэлтсийн холбогдох албан тушаалтнууд, тэтгэвэр хариуцсан байцаагч нар хууль тогтоомжийн дагуу албан үүргээ биелүүлээгүйгээс улсад хохирол учруулж, хувьдаа мөнгө завшсан хэрэгт Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж шалгасан. Энэ хэрэг Чингэлтэй дүүргийн хяналт дор явагдсан байгаа. Дээрх хэрэгтэй холбогдуулан эрх бүхий нийгмийн даатгалын хэлтсийн албан тушаалтнуудыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 256.3, 272.2-т зааснаас яллагдагчаар татаж мөрдөн байцаалтын ажиллагааг явуулсан. Ингэхэд тэдгээр албан тушаалтнууд тухайн гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон. Гэвч хөөн хэлэлцэх хугацаа буюу эрүүгийн хариуцлагад татаж болох хугацаа нь өнгөрсөн байсан учир Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 72.1.1, 24.1.1, 208.1.1-т зүйлд заасан үндэслэлээр шалгагдаж байсан хүмүүсийн хэрэг хэрэгсэхгүй болсон. Өөрөөр хэлбэл, мөнгө идэж уусан нь тогтоогдсон ч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан болохоор хэргийг хаасан” гэж мэдээлсэн.

Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь яагаад дууссан, хэн дуусгахыг “дээрээс” үүрэгдсэн гэдэг нь тодорхойгүйгээр энэ хэрэг хаагдсан юм. Гэмт үйлдэл хийсэн нийгмийн даатгалын ажилтнууд одоо ч ажлаа хийсээр л яваа. Тэдний толгойг илж байсан улс төрчид өдгөө хамгийн нэр хүндтэй хэвээр л байна.

Гэтэл, өчигдөр буюу 2017 оны 4 сарын 19-ний УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан дээр Нийгмийн даатгалын санд хийсэн шалгалтын дүнг танилцуулах үеэр энэ хэрэг дахин сөхөгдлөө. Энэ удаад 135 байцаагчийн нас барсан 5000 иргэний нэр дээр тэтгэвэр авч байсан хэрэг илэрчээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярын танилцуулснаар 1.17 тэрбум төгрөгийн зөрчил эхний шалгалтаар илэрсэн ба хоёр дахь шалгалтыг хууль, хяналтын байгууллагатай хамтран явуулахаар болсон байна.

Энэхүү шалгалтаар тэтгэвэрийн хувь хэмжээг багаар тогтоон “мөнгө цохьдог” шинэ аргатай болсныг илчилжээ. Дээрх 1.17 тэрбум төгрөгийн зөрчлийн 200 сая нь хууль зөрчин тэтгэврийн хувь хэмжээнээс бага тогтоосноос үүджээ. Харин 840 орчим сая нь хууль зөрчин тэтгэвэр тогтоосон байж.

“Системийн алдаа, шивэлтийн алдаанаас үүдсэн, нэг хэсэг хүний алдааг нийтийн алдаа мэт харагдууллаа” гэж Нийгмийн даатгалынхан тухайн үед өөрсдийгөө өмгөөлж байсныг та бүхэн санаж буй. Арван мянган нас барсан иргэний тэтгэврийн хэрэг 5000 болж дахин сөхөгдлөө. Тухайн үед эрх барьж байсан АН нь сайд С.Эрдэнийгээ өмгөөлөөд хэргийг хэрэгсэхгүй болгосон юм гэж үзвэл МАН-ын эрх барьж буй энэ үед энэ хэргийн хариуцлагыг нэг хэсэг хүн үүрэх байлгүй гэж найдья. Учир нь өөрсдийнх нь төлсөн нийгмийн даатгал ийм маягаар буруу замаар ороод байгаа учир иргэд нийгмийн даатгалын шимтгэл өсч буйг эсэргүүцээд байсан хэрэг. Ийм учраас нийгмийн даатгалаа төлөхгүй, элдвээр булздаг болоод байгаа юм. Ийм учраас “С.Эрдэнэ ээ, матрын нулимс унагаад байх хэрэггүй мэдэв үү. Удахгүй Монголын нийгэм өөрийг чинь танина. Таниулна” гэж хэлсэн Ж.Энхбаяр гишүүний үгэнд найдлага төрөөд байсан хэрэг.

Хэрэв дахин сөхөгдсөн энэ хэрэг ямар нэгэн байдлаар замхарвал МАН болон АН хоёр нам нэг тэрэгний хоёр дугуй юм байна гэж иргэд бодохоос өөр замгүй болох вий.

Д.Төв

10 сэтгэгдэлтэй

  • Нийгмийн даатгалын ерөнхий газар сүүлийн уeд ахмадуудаа ч тоохоо больж цагаан сараар ч авахаа больсон МАН гарахаар тэгж байгаа  юм бишүү өөрсдөө болохоор 75 жилийн ой ч гэх шиг идэж ууж тансаглаж идэж уугаад арай л бишээ

  • Эрдэнээгийн үeд хот хөдөөгүй нийгмийн даатгалын  баахан байшин барьсан  Одоо тэтгэвэрээ төлөх мөнгөгүй болсон гэсээн

  • Архангай аймгын нийгмийн даатгалыг шалгар хэрэгтэй ер нь хөдөө орон нутгын нийгмийн даатгалыг шалгах хэрэгтэй тэд маш чинээлэг байдаг

  • хэрэг хуучирдаггүй гэдэг байсан. одоо ингээд гууль болчихдог болоо юу? хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд юу хуцаад байгаа юм. улсын санг хооцруулсан залиланг ингээд өршөөгөөд өнгөрч болдгийм уу? энэ төрд хүч гэж байна уу?