Ц.Нямдоржийн ууртай байгаагийн цаана  

1992 оноос хойш УИХ-д сууж байгаа Ц.Нямдоржид төр ач ивээлээ харамгүй хайрласан байдаг. Гурвантаа Хууль зүйн сайдаар тохоон томилогдсон, УИХ-ын дарга байсан энэ эрхмийн том хүү Ц.Анхбаяр нь одоо Гадаад яамны газрын даргаар ажиллаж байгаа ба АНУ-ын Сан-Франциско хотод Ерөнхий консулын албыг хашиж байгаад ирсэн. Эрдэнэтийн 49 хувийн маргаан дэгдэх үеэр ГОК-ийн дарга руу утас цохин хүүдээ тендер авч өгсөн хэрэг нь илэрсэн. Нийт 760 мянган ам.долларын энэхүү гэрээнүүд нь аавынх нь орон гэргүй, түрээсийн байраар явуулдаг, хувьдаа машин ч үгүй гэдэг ярианд олон түмнийг эргэлзэхэд хүргээд байгаа.

“Цензүүргүй яриа” нэвтрүүлгээр орсон хошууч генерал Ш.Баатар ярилцлагын сүүлд хэн хүний сэтгэлд юм бодогдуулахаар нэг л зүйл хэлсэн. “Би насаараа Монгол улсын аюулгүй байдлыг хангахын төлөө зүтгэлээ. Зүтгэж явж байгаад эцсийн дүндээ ийм юманд уначихлаа. Би хувийнхаа эрх ашгийг бодоогүй. Ц.Нямдоржтой хувийн өш хонзон, тооцоо надад байхгүй” учраас гомдолтой явдгаа ярьж байна лээ. Ш.Баатар генералын ярьсан нэг ноцтой зүйл нь хятадуудын хагалан бутаргах ажиллагаа Ц.Нямдоржоос цухалздаг гэж хэлсэн. Тэр одоо ч Засгийн газрыг УИХ-тай хагаралдуулах ажлыг хийж байгаа.

Концессийн гэрээг бүлэг дээр хэлэлцэх үеэр Ц.Нямдорж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат руу дайрсан. Түүнийг элдвээр хэлсэн тухайгаа өөрөө хэвлэлд дэлгэсэн байсан. Энэ нь цаанаа явж явж төрийн хоёр институтийг хооронд нь хагаралдуулах, нэгийнх нь эсрэг нөгөөг нь турхирах, дүнд нь дундаас нь хожих гэсэн “хятад” бодлого яваад байгаа юмсанж.

Ц.Нямдоржийн үзсэнээр УИХ-ын дэд дарга хэмээх албан тушаал түүнд жулдаад байгаа бололтой. Өмнө нь УИХ-ын дарга байсантай нь ч холбоотой л байх. Түүнд Ерөнхий сайд болох, наанадаж УИХ-ын дарга болох мөрөөдөл, хүсэл байх шиг байна. Намын дарга М.Энхболдод уураа гаргаж чадахгүй байгаа учраас залуугаар нь Ж.Эрдэнэбат руу дайрчихлаа хэмээн тэр өдөр бүлэг дээр байсан гишүүд хоорондоо ярьсан байна лээ. Гишүүд ингэж ярьсан нь байгаа оносон хэрэг.

М.Энхболд Ерөнхийлөгчид нэр дэвшээд “явахаар” Ц.Нямдорж УИХ-ын дарга болох учиртай байлаа. Гэтэл сүүлийн үед М.Энхболд биш, Ө.Энхтүвшин нэр дэвших тохироо хийгдсэн гэж яригдах болсон. Шинэ парламент бүрдэхтэй зэрэгцээд Засгийн газрыг хурцаар шүүмжилж байсан Ө.Энхтүвшин сүүлийн үед үзгээрээ оролдож суух болсон нь хүүгээ НАМЗХ-ны ерөнхий нарийн бичгээр тавиулсандаа сэтгэл ханасан биш, Ерөнхийлөгчид нэр дэвших илүү том тохироотой холбоотойгоор “загас мэт” дуугаа хураасан гэж дүгнэх нь онож байна.

Ийм учраас Ц.Нямдорж залуугаар нь зөөчилж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат руу ноцон, уураа гаргаж байна. “Би тань шиг албан тушаалын төлөө үхэн хатан явдаг хүн биш шүү” гэж эрсхэн хэлсэн Ерөнхий сайдын үгэнд эмзэглэж, бүлгийн хурал дээр дуугаа хураасан Ц.Нямдорж, намын дарга М.Энхболдтой арсалдаад сайнаа үзэхгүй гэдгээ мэдэхтэйгээ л дээ. Ц.Нямдоржийн ууртай байгаагийн цаана…

З.Бямба

0 сэтгэгдэлтэй