Баянзүрх дүүргийн ‘’Жишиг гудамж’’-тай  танилцлаа

‘’Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил’’-ийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас ‘’Манай хороо-Миний гудамж’’ аяныг өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд зарласан билээ.

Тэгвэл өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, дүүргийн Засаг дарга Т.Баясах, Дэд бүтэц хот төлөвлөлт хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Т.Батцогт болон албаны бусад хүмүүс дүүргийн 27 дугаар хорооны 35 дугаар гудамж буюу дүүргийн ‘’Жишиг гудамж’’-тай танилцлаа.

Тус аяны гол зорилго нь дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй иргэд, аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагааг бэхжүүлж, тохижилт, ногоон байгууламжийг сайжруулан хотын өнгө үзэмжийг дээшлүүлэх юм. Иймд тус гудамжинд амьдардаг 17 өрх аян эхэлснээс  хойш 27 ширхэг мод тарьж, хашаануудынхаа өнгө үзэмжийг засч, шороон замаа хуссан байна. Түүнчлэн гудамжиндаа сандал, хогийн савыг байршуулж ая тухтай амьдрах нөхцөлөө өөрсдөө бүрдүүлжээ.

Дашрамд дурдахад уг аян энэ оны 10 дугаар сард нэгдсэн дүнгээ гаргаж Шилдэг дүүрэг, Шилдэг байгууллага, аж ахуй нэгж, Шилдэг тохижилттой хороо /орон сууц хороо, гэр хороо/, Шилдэг тохижилттой гэр хорооллын өрх, Шилдэг хог хаягдлын үйлчилгээний байгууллага зэрэг төрлөөр шилдгүүдээ шалгаруулах юм хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

 

0 сэтгэгдэлтэй