Хүрэн нүүрсний тээвэрлэлтийг блокчэйнээр шийдэж болох тухай илтгэл танилцууллаа

Coal Mongolia чуулга уулзалт дээр “Digital Coin Service” компанийн захирал Г.Батхуяг “Нүүрсний төслүүдийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг блокчэйнд суурилсан технологиор шийдвэрлэх боломж” илтгэл тавьсан анхаарал татлаа. Иймд энэхүү илтгэлийн товч агуулга болон түүнтэй хийсэн ярилцлагыг толилуулъя.

 БЛОКЧЭЙН БОЛ БИТКОЙН БИШ

Блокчэйн гэж юу вэ? Гэсэн асуултад манайхны ихэнх нь биткойн гэж хариулж магадгүй юм. Гэвч энэ бол биткойн биш. 1990-ээд оны эхэнд АНУ-ын хоёр эрдэмтний анхлан санаачилсан криптографикийг 2008 онд Японы эрдэмтэн хөгжүүлж, нарийвчлан тооцоолж хэрэглээнд нэвтрүүлэх гарааг эхлүүлсэн. Тодруулбал, цахим мэдээллийг хуулбарлахгүйгээр тараан байршуулах аргачлал буюу интернэтийн хөгжлийн шинэ үе шат гэж ойлгож болох юм. Харин биткойн бол зөвхөн блокчэйний платформ дээр суурилсан анхны төвлөрсөн бус крипто мөнгө. Хамгийн гол нь энэ сүлжээг ашигласнаар асар их мэдээллийн орон зай интернэт бид бүгдийг хэрхэн байлдан дагуулсантай ижил “итгэлцлээр үүссэн бизнес”-ийг дэлхий ертөнцөд санал болгож байгаа юм.

БЛОКЧЭЙНИЙГ ХЭРХЭН АШИГЛАЖ БОЛОХ ВЭ?

Бид энэ технологийг бүхий л салбарт ашиглаж болно. Учир нь энэ бол интернэтээс ч ухаалаг хэрэглээ. Дэлхийн улс орнууд хөрөнгө оруулалт, тээвэрлэлт, санал хураалт, үл хөдлөх хөрөнгийн бүртгэл, хувьцаа эзэмших, гэрээ байгуулах, гаалийн бүртгэл гээд хөрөнгө санхүү болон бүртгэл мэдээлэлтэй холбоотой бүхий л салбарт ашиглах боломжтой гэж үзжээ. Их гүрнүүд блокчэйнийг хэрхэн ашиглаж байгаа жишээнээс дурдвал манай хойд хөрш ОХУ-ын Засгийн газар энэхүү ухаалаг сүлжээг ашиглан эдийн засгийн хоригуудыг даван гарах зорилт тавьжээ.

Эдийн засгийн хүнд байдлаас гарахын тулд тэд өөрсдийн “Мастерчэйн” хувилбарыг хөгжүүлж нэгдсэн санхүүгийн болон зах зээлийн мэдээллийн сүлжээг хөгжүүлнэ. Харин манай урд хөрш БНХАУ-д сүлжээний давуу талыг судлахын тулд төрийн болон санхүүгийн байгууллагууд хамтран судалгаа хийж байна. Нэн ялангуяа даатгалын байгууллагууд ухаалаг сүлжээг ашиглана гэжээ.

Монголчуудын хамгийн их зорьж хөдөлмөр эрхэлдэг Өмнөд Солонгос улс дотооддоо төдийгүй дэлхийн зах зээлд түрэн гарч ирэхийн тулд тээвэр зуучлал, санал хураалт, үл хөдлөх хөрөнгө, хөрөнгө оруулалтын зах зээлд блокчэйнийг хөгжүүлэхэд 200 сая ам.доллар зарцуулахаар болов. Мэдээж хэрэг бидний орхиж болохгүй орон бол АНУ. АНУ бол блокчэйн дээр суурилсан үйлчилгээний хамгийн их зохицуулалттай орон юм байна. Зөвхөн мөнгө олборлож, мэдээлэл хадгалахаас гадна давуу талуудыг нь ашиглаж төрийн байгууллага болоод бусад олон салбарт ашиглах нь зүйтэй гэдгийг баталсан.

 БЛОКЧЭЙН МОНГОЛД

Зургийг: www.infivencive.com

“Монгол бол ардчилсан, ил тод, шилэн данстай улс” гэж ярих дуртай хүмүүс олон. Тэдний ярианд үнэмшихийн тулд блокчэйнийг ашиглаж болохгүй гэж үү? Хэдийгээр энэ сүлжээ судлагдаад удаагүй байгаа ч манай улсад аль хэдийн блокчэйн дээр суурилсан компаниуд бий болжээ. Монгол улс эхний ээлжинд хууль эрх зүй, санхүүгийн орчин, тээвэр зуучлал, хил гаальдаа хэрэгжүүлэх боломжтой гэдгийг эдгээр компаниудын төлөөллүүд хэлж байна. Хэд хэдэн төсөл хэрэгжиж эхэлснээс гадны бидэнд хамгийн ойр буюу цахилгаан, эрчим хүчний салбарт ухаалгаар ашиглах тухай яригдаж байгаа юм.

-Та “Блокчэйн” сүлжээг хэзээнээс судалж эхэлсэн бэ?

-“Блокчэйн” бол харьцангуй шинэ судлагдахуун. Бидний хувьд энэ сүлжээг судлаад жил гаруй хугацаа болж байна.

-Та “Coal Mongolia 2018 чуулга уулзалтад блокчэйн технологийн талаар илтгэл тавьсан. Энэ илтгэлийнхээ гол санааг бидэнд дурдаач?

-Миний илтгэлийн гол санаа юу гэхээр томоохон стратегийн ордууд хөрөнгө оруулалтаа харьцангуй хялбар шийдэж чадаж байгаа. Гэтэл дундаж бизнесийн төслүүдэд хөрөнгө оруулалт татахад хүндрэлтэй, найдваргүй эх үүсвэртэй гэсэн шалтгаанаар банкууд тэр бүр зээл гаргахад бэрхшээлтэй байдаг. Тиймээс жижиг болон дунд бизнес эрхлэгчдэд богино хугацаанд хөрөнгө оруулахад таатай орчин нөхцөл бүрдүүлэх сонирхолтой байна.

Зургийг: www.medium.com

Монголд “Блокчэйн”-ийг судалж хөгжүүлж байгаа цөөхөн компани байгаа. Гэвч хүн болгон энэ салбарыг сонирхож байна. Хамгийн гол нь дундын зуучлагчгүй гэдгээрээ давуу талтай. Жишээ нь, хөрөнгө оруулалтын салбар дээр ямар нэгэн брокер, дилертэй хамтран ажиллах шаардлагагүй, компани өөрөө хувьцаагаа олон нийтэд нээлттэй зарлах боломжтой болох юм.

-Тэгвэл уул уурхай, нүүрсний салбарт энэ сүлжээг хэрхэн ашиглаж болох вэ?

-Хамгийн түрүүнд цахилгааны хувилбар байна. Эндээ хүрэн нүүрсээ шатаагаад цахилгаан болгох. Нөгөө талаасаа хүрэн нүүрсний тээвэрлэлтийг шийдэх бас нэгэн шийдэл байж болно. Мөн нүүрсийг боловсруулах ашиглахад хөрөнгө оруулалт татаж болох юм.

Ярилцахад таатай байлаа, баярлалаа.

0 сэтгэгдэлтэй