Давид Пол: Хөвсгөлд ийм төсөлтэй байгаа нь хөгжин дэвшихийн үндэс

 “Coal Mongolia-2018” чуулга уулзалтын үеэр Хөвсгөл аймагт Овоотын коксжсон нүүрсний ордыг нээн ашиглах, мөн Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг хийх концесийн гэрээг Монгол улсын Засгийн газартай байгуулсан “Аспайр Майнинг” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэвид Полтой цөөн хором ярилцлаа.

Эрдэнэт-Овоотын чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын эхний ээлжийн санхүүжилт хэзээ орж ирэх вэ?

Бидний тооцоогооор төлөвлөгөөний дагуу бүх бичиг баримт бүрдээд явбал 2019 оны эхний хагаст манай санхүүжилт бүрэн бүрдэнэ гэж үзэж байгаа. Тиймээс бид дараа жилийн зунаас газар шорооныхоо ажлыг хийж эхэлнэ гэсэн төвөллөгөөтэй байгаа.

ЗТХЯ-наас ирэх хавар гэхэд ажлаа эхлүүл гэсэн шахалт үзүүлж байна уу гэж ойлгосон…

-Шахалт ч юу байхав. Ер нь энэ төмөр зам, дэд бүтэц гэдэг зөвхөн нэг аймгийн, нэг сумын асуудал биш шүү дээ. Бүхэл бүтэн нэг улсын ашиг сонирхлын асуудал учраас Зам тээврийн хөгжлийн яам энэ төмөр замыг аль болохоор хурдан эхлүүлэх шаардлагатай байгааг сануулж, хүсэлт тавиад байгаа юм. Тэгэхээр нэгэнтээ концессийнхоо гэрээг хийчихсэн, эрхээ авчихсан, одоо бичиг баримтаа бүрдүүлчихвэл хөрөнгө оруулагчтайгаа яриа хэлэлцээгээ дуусгах төлөвлөгөөтэй байна. Манай зүгээс Зам, тээврийн хөгжлийн яаманд үйл явцынхаа мэдээллийг байнга өгч яваа. Тиймээс тус яам ул үндэсгүйгээр шахаад байгаа юм биш л дээ. Биднээс авч байгаа мэдээлэлдээ суурилан бодлого барьж, та бүхэн 2019 оны хавраас газар шорооны ажлаа эхлүүлээчээ гэсэн саналыг илэрхийлсэн.

МУ-ын уул уурхайн салбарт үйл ажиллагаа эрхлэхэд ямар хүндрэл тулгардаг вэ?

Энд нэг зүйлийг хэлэхэд Овоотын коксжсон нүүрсний төсөл маань Эрдэнэт-Овоотын чиглэлийн төмөр замыг барихын гол үндэс юм. Тэгэхээр Овоотын төслийг явуулахгүй гэсэн эсэргүүцэлтэй тулгараад энэ төсөл зогсвол хэдэн тэрбумаар тоологдох хөрөнгө оруулалтыг Монгол улс алдах эрсдэлтэй. Бүх яамд, УИХ болон Монгол улсын Ерөнхийлөгч, Засгийн газар бүгдээрээ энэхүү төслийг явуулахын төлөө эрмэлзэж, маш их дэмжиж байна. Энэ нь зөвхөн Монгол улс роялти юм уу татвар авах үүднээс биш, энэ төсөл цаашдаа Монгол Орос, Хятад гурван улсыг холбосон транзитын коридор болох төсөл юм. Тэгэхээр одоо бидний  гол ажил, үндсэн үүрэг бол орон нутгийнхаа ард иргэдэд энэ төслийг сайтар таниулах, төслийн ач холбогдлыг ойлгуулж мэдүүлэх. Тухайлбал, энэ хөрөнгө оруулалтаас орон нутаг ямар ашиг хүртэх юм, төсөл хэрэгжсэнээр яагаад орон нутагт хэрэгтэй, ашигтай вэ гэдгийг тайлбарлах ажилтай байна.

Орон нутгийн засаг захиргаанаас ч юм уу, эсвэл иргэний хөдөлгөөнүүдийн зүгээс энэхүү бүтээн байгуулалтын ажлыг урагшлуулахад саад тотгор хийх асуудал үүсч байна уу?

-Мэдээж хэрэг орон нутгийн болоод олон нийтийн байгууллагынхны зүгээс үл ойлголцох, янз бүрийн асуудал тавих бэрхшээлүүд тулгардаг. Тэр бол ганц Монголд ч биш, ер нь ямар ч төсөл дээр үүсдэг л зүйл. Тиймэс бидний одоо хийж байгаа хамгийн гол ажил  бол Хөвсгөлчүүдийн олонхид, орон нутгийнхандаа энэ төслийн ач холбогдлыг маш сайн зөв зүйтэйгээр таниулах, Хөвсгөлчүүдэд ажлын байр гаргах, ингэснээрээ тус бүс нутгийнхан заавал өөр тийш явж ажлын байр хайх шаардлагагүй болоход гол нөлөө үзүүлэх төсөл юм гэдгийг таниулах нь чухал байна

Мөн нэг зүйлийг нэмж хэлэхэд Хөвсгөлчүүдэд, бас бидэнд ч аз тохиосон. Хөвсгөлд ийм сайн нүүрсний ордыг нээсэн, ийм төсөлтэй байна гэдэг нь цаашаа хөгжин дэвшихийн гол үндэс. Энэ төсөл маань Завханд ч биш, Булганд ч биш, зөвхөн Хөвсгөлд байгаа нь чухал. Тэгэхээр Хөвсгөл аймаг, хөвсгөлчүүд энэ төслийн гол үр шимийг хүртэх ёстой.

Байгаль орчны нөхөн сэргээлтийн тухайд?

Бид бол уурхайгаа эхлүүлэхээс өмнө дэлхийн хамгийн шилдэг нөхөн сэргээлтийн ажлыг төлөвлөж гаргадаг. Уурхайн ашиглалт дууссаны дараа нөхөн сэргээлтийн бүрэн төлөвлөгөөтэй байх ёстой. Хөрс хуулалттай зэрэг эхэлсэн нөхөн сэргээлт 25-30 жилийн хугацаатай хэрэгжинэ. Яагаад гэвэл одоо бидний төлөвлөж байгаагаар энэ уурхайг долоон үе шаттайгаар нээн олборлоно. Эхний үйл явц дуусмагц гарсан нүхийг шууд нөхөн сэргээдэг. Ингээд үе шат  бүрт нөхөн сэргээлт явна. Тиймээс бүх ажиллагааг дуусгаж байж хийдэг ажил гэж ойлгож болохгүй. Бид Баруун Австралид мэргэжилтнээ аваачин уурхайн олборлолтын явцад нөхөн сэргээлт хийх үйл явцтай танилцуулан, хэрхэн ажилладгийг маш тодорхой үзүүлсэн. Тэр мэргэжилтэнтэй уулзаад энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. Манай төлөвлөгөөгөөр баруун Австралийн технологиос дутахгүй нөхөн сэргээлт явагдана.

-Ярилцсанд баярлалаа.

0 сэтгэгдэлтэй