Д.Янжиндулам: Хүүхэд төрөлхийн нүдний даралттай удвал нүд нь сунадаг

Нүд хорвоогийн бүх зүйлийг танин мэдүүлдэг чухал эрхтэн. Тиймээс таван мэдрэхүйн нэг тул мэлмий хэмээн хүндэтгэн өгүүлдэг. Хүн нүднийхээ харааны тусламжтай өөрт хэрэгтэй олон зүйл мэдэж, оюун ухаанаа хөгжүүлдэг билээ.Нүдээрээ хорвоо дэлхий өнгөөр хичнээн баян болохыг ч харж, амьдралын утга учир, баяр баяслыг өдөр бүр мэдэрнэ.

Гэвч сүүлийн үед нийгмийн хөгжил, хотжилт, цаг агаар, уур амьсгалын өөрчлөлтөөс хамаарч хүүхдүүдийн нүдний хараа муудаж шил зүүгчдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа нь нүдний эмч нарын төдийгүй олон эцэг эхийн сэтгэлийг эмзэглүүлж буй.Хэрвээ та өөрийгөө хайрладаг бол эрүүл мэндээ ч гэсэн анхаар, хорвоотой анх танилцуулсан нүдээ ч бас хайрла гамна. Энэ удаа уншигч таныг “Талимаа” эмнэлгийн нүдний тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор Д.Янжиндуламтай уулзуулъя. 

 

САМБАР ДЭЭРХ БИЧСЭН ЗҮЙЛ ХАРАХГҮЙ БАЙВАЛ ХҮҮХДИЙН ТАНЬ ХАРАА МУУДСАНЫ ШИНЖ

  -Сүүлийн үед таныг зорьж ирэх хүүхдүүдийн дунд нүдний ямар өвчлөл зонхилж байна вэ?

  -Хүүхдүүдийн дунд нүдний үрэвсэл, нүдний хялар, төрөлхийн болоод олдмол хялар, нүдний зовхины буулт мөн дутуу төрөлт ихсэж байгаатай холбоотой болорын цайлт, нүдний харааны өөрчлөлт, эмгэг гажигууд зонхилж байна.

 -Хүүхдэд тохиолдож буй харааны өөрчлөлт олон эцэг эхийн санааг зовоож байна. Энэ нь юунаас үүдэлтэй вэ?

 -Амьдарч буй орчин, нөхцлийн байдлаас хамаарч сүүлийн үед дутуу төрөлт ихсэж буй. Дутуу төрсөн хүүхдийн хараа өөрчлөгддөг. Гэхдээ тухайн хүүхдийн биеийн жингээс хамаарч нүдний торлогт өөрчлөлт орно.

Хүүхэд бага жинтэй байх тусам хүндрэлтэй. Орчин үед хүүхдүүдийн хараанд өөрчлөлт орж байгаа нь хотжилт, нийгмийн хөгжилтэй холбоотой.

 Хүүхдүүдийн ойрын хараа муудаж байгаа нь гар утас, компьютер дээрх тоглоомоор олон цагаар удаан сууж тоглох, телевизор ойроос үзэх зэргээс хамаараад гэрлийн хугарал үүсдэг. Ингэх нь хүүхдийн харааны хөгжилд сөргөөр нөлөөлнө. Хүүхдийн харааны хөгжил удамшилтай холбоотой. Эцэг, эх нь хараа муутай бол хүүхдүүдэд нь удамшдаг тал бий. Гэрлийн хугаралд өөрчлөлт орох нь хараа буруу хөгжиж байна гэсэн үг.

 -Хүүхдийнхээ хараанд өөрчлөлт орсныг эцэг эхчүүд хэрхэн мэдэж болох вэ. Ийм үед хамгийн түрүүнд юунд анхаарал хандуулах вэ?

 -Гэр бүлээс гадна ойр дотно байдаг хүмүүс тухайлбал анги удирдсан багш, цэцэрлэгийн багш нь хүүхдийн хараа муудаж байгаа эсэхийг ажиглах хэрэгтэй. Хүүхэд тань телевизор ойроос үзэх, самбар дээр бичсэн зүйлийг сайн харахгүй дэвтрийн шугам давуулж, хазгай мурий бичээд эхэлвэл хүүхдийн нүдний эмчид даруй хандаарай. Ингэх нь хараа муудахаас сэргийлж, эрт арга хэмжээ авна. Хөгжингүй улс орнууд хүүхдүүдийн эрүүл мэндийг үзэхээс гадна нүдний харааг нь давхар хянадаг.

Хүүхдэд харааны хөгжлөөс гадна болорын цайлт, нүдний хялар, нүдний зовхины буулт, нүдний дотор талын бүтцийн өөрчлөлт түгээмэл байдаг.

Монгол хүүхдүүд бусад орны хүүхдүүдээс биеийн хөгжлөөр сайн. Гэвч өнөө цагт хүүхдүүдийн нүдний хараанд өөрчлөлт орж байна.

                      ЗОВХИ НЬ ӨРГӨГДӨХГҮЙ БОЛОХООР ХҮҮХЭД ГЭДИЙЖ ХАРДАГ

 -Хялар харах нь бага насны хүүхдүүдэд их тохиолддог. Үүнийг харааны шилээр засаж болох уу?

-Төрөлхийн хялар гэж бий. Энэ нь хүүхэд эхээс төрөөд хоёр гурван сарын дараа нүд нь дотогш хараад эхэлдэг. Үүнийг эцэг эх нь “хүүхэд маань нярай байгаа тул хараа нь тогтоогүй байна” гэж боддог.

Хүүхдийн нүд хялар харах, зовхи нь өргөгдөхгүй байх, нуух гарах, нулимс гоожих, үрэвсэх тохиолдол ч бий. Мөн төрөх үеэс л хүүхдийн нүднээс идээ гардаг. Энэ үед хүүхдэд нулимсны сувгийн битүүрэл үүссэн байдаг. Энэ нь хүүхэд бүтэлттэй төрөх үед тохиолдоно. Өөрөөр хэлбэл нярайн үед түгээмэл тохиолддог нулимсны сувгийн битүүрлийн эмгэг юм. Хүүхдүүдийн дунд зовхины эмгэг багагүй байдаг. Зовхи нь дээш өргөгдөхгүй болохоор хүүхэд гэдийж харсаар байгаад духанд нь үрчлээ үүсэж, хөмсөг нь дээр дор байрлалтай болдог. Ийм эмгэгүүдийг нүдний мэс зслын эмч хийнэ.

-Хүүхдийг нярай байх үед нулимсны суваг нь яагаад битүүрдэг юм бэ?

 -Төрөлхийн нулимсны сувгийн битүүрлийг хүүхдийг төрөх үед нь зөв оношилж эмчлэх хэрэгтэй. Төрөхийн янз бүрийн бохирдлоос үүдэж хүүхдийн нүд өвддөг. Хүүхдийн нүдний суваг төрөх үед уйлах нулимсаар нээгдэх ёстой.

Төрөлт удааширах, хүндрэлтэй төрөх үед хүүхэд уйлахгүй удвал нулимсны сувгийн битүүрэл үүснэ. Ийм үед үрэвсэл дарах эмчилгээ хийж, аль болох хүүхдийн өөрийнх нь уйлалтаар нулимсных нь сувгийг нээх хэрэгтэй.

-Хялар хардаг хүүхэд хэдэн насандаа мэс заслын эмчилгээ хийлгэх шаардлагатай вэ. Харааны шилээр засаж болдог уу?

 -Төрөлхийн хялар эрт эхэлдэг. Хожуу илрэх нь харааны хөгжилтэй холбоотой. Гэрлийн хугарал нь хэвийн ч ойрын, холын харалган тэнхлэг өөр өөр байдаг. Тухайлбал нэг нүдний хараа нь хэвийн байхад нөгөө нүдний хараа нь өөр байх жишээтэй.

Нэмэх шил зүүхэд, нөгөө нүд нь хасах шил зүүх өөрчлөлт бий. Дотогшоо хардаг хяларыг нэмэх шилээр засдаг. Хожуу хялар хүүхдийн дөрвөөс таван насанд илэрдэг. Энэ нь нүдний харц гадагшаа харах, юм тогтуун харж чаддаггүй. Энэ нь ихэвчлэн хасах шилээр засагддаг. Хяларыг мэс заслын аргаар засах нь хамгийн төгс арга юм. Голдуу ойрын харааны өөрчлөлттэй хүүхэд дотогшоо хялар харах гээд байдаг. Тиймээс харааны тохирох шил зүүх нь зохистой.

Хялар хараад байгаа хүүхдийг хүүхдийн нүдний эмч үзэж байж нүдний шилээр эсвэл мэс заслын аргаар засагдахыг шийднэ. Шилээр засагдах, мэс заслын аргаар засагдах хялар гэж бий. Шилээр засагдах хялар ховор. Голдуу мэс заслын аргаар засагдаж хэвийн хардаг болно. Нүдний эмч болгон хяларыг засчихдаггүй. Нүдний эмч нарын дунд болор, хялар, нүдний даралтын, зовхины буулт, зовхи өргөх, мэс заслын гэж бий.

Төрөлхийн хялар, зовхи өргөгдөхгүй байх нь бага насанд нь илэрдэг тул хүүхдийн насны эмгэгт ордог юм. Хяларын мэс заслыг олон жил дагнаж хийсэн туршлагатай эмч нар хийдэг.

 -Хялар удамшдаг уу?

 -Зарим хүмүүс хүүхдээ хялар хараад эхлэхээр “Өө манай удамд хялар хардаг хүн байсан юм. Тэгээд л удамшиж байгаа биз” гэж ярьдаг. Хялар өвчин удах тусмаа хараа алдагдах аюулд хүргэдэг.

Хялар харж буй нүд нь хараанд оролцохгүй  болохоор хараа хөгжихгүй. Хараа хөгжихгүй болохоор залхуурал буюу харааны зогсонги байдалд хүргэдэг. Ийм үед хараа засах зорилгоор нүдний шил зүүсэн ч үр дүнд хүрэхгүй. Хүүхдийн хоёр нүдний хараа ижил хөгжиж байж эрүүл харна шүү дээ. Хараа муудах нь хэтдээ хүүхдийн мэргэжлийн сонголтод их нөлөөлдөг. Нүдний хараа сайн байх нь бүх зүйлд чухал. Хүн амьдралынхаа үйл явцын ихэнх зүйлийг нүдний харааныхаа тусламжтайгаар харж мэдэрдэг. Тиймээс хүүхдийнхээ харааг багаас нь зөв хөгжүүлэхэд анхаарал хандуулах хэрэгтэй. Гэтэл эцэг эхчүүд хүүхдээ уйлахаар нь сатааруулах гэж гар утсаа өгч тоглоом тоглуулж байгаа нь маш буруу. Хүүхэд гар утасны дэлгэцийг олон цагаар ширтэж тоглосоор байгаад хараанд нь өөрчлөлт орж мууддаг. Гар утас жижиг дэлгэцтэй байх тусмаа хүүхэд ойроос харах гэж хичээсээр хараагаа муутгадаг. Телевизор ойроос үзэх, компьютер байнга тоглох нь сөрөг үр дагавартай. Нүдэнд харшил өгч, мэдрэлийн системд сөргөөр нөлөөлж өөрчлөлт өгдөг.

              ХҮҮХЭД ӨСӨХ ТУСАМ НҮДНИЙХ НЬ ХАРАА ДАГААД ХӨГЖИЖ БАЙДАГ

  -Нүдний шил зүүх нь харааг эмчлэх эмчилгээний нэг арга мөн үү?

 -Тийм ээ. Дотогшоо хялар хардаг хүүхдийн харааг нүдний шилээр засдаг тал бий. Гэхдээ эмчийн зөвлөгөөний дагуу засах шаардлагатай. Хялар хараатай хүүхэд нүдний шил удаан хугацааны турш зүүнэ. Нүдний шил удаан зүүх нь хүүхдэд төвөгтэй санагддаг тул байнга зүүх дургүй. Гэтэл эцэг эх нь энэ байдалтай нь эвлэрч “Өө манай хүүхэд нүдний шил зүүх дургүй. Зүүхээрээ дургүйцээд авч шидээд байх юм. Мэс заслын аргаар л засуулъя” гээд ирж уулздаг. Хүүхдийнхээ харааг зөв хөгжүүлэхийн тулд эцэг эх нүдний эмчийн зөвлөгөөг дагаж, хэлсэн зүйлийг нь баримтлах ёстой. Шил тогтмол зүүснээр гэрлийн хугарал зөв болдог.

Хүмүүс нүдний шил зүүх нь харааг эмчлэх эмчилгээний нэг арга гэдгийг төдийлөн ойлгодоггүй. Хүүхдэдээ тогтмол зүүлгэх шилийг дургүйцэж төвөгшөөхөөр нь хайрцганд нь хийгээд хадгалчихдаг. Уг нь хадгалах биш хараагаа зөв хөгжүүлж эмчлэх зорилготой шүү дээ.

Хараагаа хөгжүүлэх зорилгоор нүдний шилийг хэдэн жил зүүх ёстой вэ. Нүдний эмчид жил бүр үзүүлж өөрчилж байх шаардлагатай юу?

 -Хүүхэд өсөж бойжих тусам нүднийх нь хараа дагаад хөгжиж байдаг. Хүүхдийг зургаан сар тутамд нүдний шилийг нь солих уу, үргэлжлүүлж зүүх үү гэдгийг нүдний эмч үзэж байж шийднэ. Хүүхдийн нүдний болорын цайлт мөн л төрөлхийн байдаг. Энэ нь ихэвчлэн удамшлын гаралтай байдаг. Эхийн жирэмсэн байх үеийн хордлого, химийн бодисоос хордсон, хөрс усны бохирдсон байдлаас хамаарч хүүхэд төрөлхийн болорын цайралттай төрдөг. Тэр дундаас хөрсний бохирдол нүдний болорыг цайлгахаас гадна арьсанд харшил өгөх, янз бүрийн тууралт өвчин үүсгэнэ. Болорын цайлт мэс заслаар эмчлэгдэнэ. Нүдэнд үүсэж цайсан болорыг мэс заслын аргаар авч байж нүдний харааг хэвийн болгоно.

-Хүүхдийнхээ харааг муудаж байгааг эцэг эхчүүд анзаарахгүй байсаар цаг алдаж, хожим мэддэг. Хараа муудаж байгаа шинж тэмдэг хэрхэн илэрдэг вэ?

 -Хүүхэд гэлжийх, хэт их тонгойж эвгүй харах, нуруугаа бөгтийлгөж суух, телевизор ойроос үзээд байвал хараанд нь асуудал үүссэний шинж. Хүүхэд гэрлийн өөрчлөлтөөс болж духаараа хардаг. Хялар хүүхдүүд гэлжийж харсаар байгаад хүзүүнд нь хуурамж гэлжгий үүсдэг. Хялар харах нь хожим нүүрний хэлбэр, гоо сайханд өөрчлөлт өгнө. Тэгэхээр хүүхдээ эвгүй харах үеэс эцэг эх анхаарч, нүдний эмчид үзүүлэх шаардлагатай. Гурваас зургаан насанд хүүхдээ цэцэрлэг, сургуульд орохоос өмнө нүдний харааг нь шалгуулах хэрэгтэй. Сургуулиас өмнөх насны хүүхдүүдийг ингэж хянаж үзэхийг улс бодлогоо болгох хэрэгтэй юм. Хүүхдийг ном унших үед ном эрүүнээс доош байрлалтай байх ёстой. Дээд зовхи унжсан, суларсан байх тусмаа сайн.

Номыг нь нүднээс нь аль болох хол барьж уншуулах нь зөв. Нарны хурц гэрэлд ном уншиж болохгүй. Цааснаас ойсон туяа хараа муутгана. Ном уншиж байх үед нь нүдээ олон цавчихыг хүүхдэдээ сануулж байгаарай. Хэрэв хүүхэд тань ном уншихдаа биеэ эсвэл толгойгоо урагш тонгойлгосон байвал буруу. Харин цэх юмуу бага зэрэг гэдийсэн байвал сайн. Хүүхэд автомашинд сууж байхдаа замын хажуугийн бичиг самбаруудыг гүйлгэж харах нь тун буруу. Дєнгєж уншиж сурч байгаа хүүхдүүдэд түгээмэл ажиглагддаг. Ингэж унших нь харааг хурдан муутгадаг.

-Хүүхдэд нүдний даралт өвчин тохиолддог уу?

 -Нүдний даралт өвчин хүүхэд болоод насанд хүрсэн хүнд ч тохиолдоно. Хүүхэд дөнгөж төрөх үед төрөлхийн нүдний даралт бий болдог. Энэ нь нүдний янз бүрийн гажигаас үүсдэг. Нярай хүүхдийн хүүхэн хараа нь том байвал төрөлхийн нүдний даралттай байдаг. Төрөлхийн нүдний даралттай удвал хүүхдийн нүд сунадаг. Ихэнх эцэг эх хүүхдийнхээ эрүүл мэнд болоод нүдний харааны эмгэгийн эмч, эмнэлэгт найддаг. Хүүхэд эрүүл өсгөхөд эцэг эх, гэр бүлийн гишүүдийнх нь үүрэг оролцоо, халамж анхаарал хамгаас чухал.

Ямар ч үед эцэг эх  хүүхдийнхээ эрүүл ахуйн дэглэмд санаа тавьдаг байх ёстой. Тухайлбал, гэрэлтүүлэг муутай орчинд хүүхэд хичээлээ хийх, ном унших, телевизор үзэхэд хараа нь амархан мууддаг. Тиймээс хүүхдийнхээ хичээл хийх орчны тав тухыг хангаж, гэрэлтүүлгийг сайн байлгахаас гадна суух ширээ, сандлыг нь насанд тохируулсан байх шаардлагатай. Нүдний харааны хөгжил хүүхдийн тань ой тогтоолт, ухаан, сэтгэхүйн хөгжилд их нөлөөлдөг гэдгийг мэдэхэд илүүдэхгүй.

0 сэтгэгдэлтэй