Бэлгийн мөлжлөгт өртөж байсан бүсгүйг Эрээн дэх консулынхан нутаг буцаалаа

Эрээн хотод хувийн зорилгоор зорчиж явсан манай улсын иргэн Батбаяр гэгч залуу 2017 оны 5 дугаар сарын 12-ний өдрийн 11.00 цагт Эрээн дэх Консулын газарт хандаж, Монгол Улсын иргэн А-г /нэрийг өөрчлөв.сур/ бэлгийн мөлжлөгт өртөж, хүчээр биеэ үнэлж байна гэсэн мэдээлэл өгч, түүнийг дагуулж ирсэн байна.

Тэрээр Эрээн дэх Консулын газарт болсон явдлын талаар тайлбарлахдаа:

“Миний бие 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр БНХАУ-ын Эрээн хотод “Монгол караоке” гэх газар хоёр найзын хамт сууж байхад хоёр монгол бүсгүй нэг хятад залуутай хамт дуулж байгаад гарсан. Гарахдаа манай нэг найзтай утасны дугаараа солилцсон. Улмаар бид 3 шөнийн 4 цагийн орчимд өөрсдийн байрлаж байсан буудалдаа ирцгээсэн. Гэтэл хоёр монгол охин найзтай маань холбогдож, бидний өрөөнд ирсэн. Ингээд “А” гэгч охин “Энд надад үнэхээр хэцүү байна. Миний бичиг баримтыг Бао гэдэг өвөрмонгол хүн аваад өгөхгүй намайг биеэ үнэлж мөнгө олж, өрөө төлснийхөө дараа бичиг баримтаа ав гэж дарамталдаг. Би энд дөрвөн сар биеэ үнэлж байна. Надад ямар ч мөнгө өгдөггүй. Биеэ үнэлж олсон мөнгийг маань Бао болон түүний эхнэр авдаг. Би энд үнэхээр зовж байна. Ахаа надад туслаач” гэж гуйсан. Миний хувьд зовлон зүдгүүрийг киноноос л харж байсан болохоос амьдрал байдаг гэдэгт итгэдэггүй байсан. Охины ярихыг сонсоод би маш их өрөвдөж, түүнийг Эрээн хотын Консулын газар дагуулж ирэхэд тус байгууллагын ажилтан авах ёстой бүх арга хэмжээг авч шийдвэрлэж чадсан. Үнэхээр аль ч консул Эрээнийх шиг байх юм бол монгол хүний эрх, эрх чөлөө хилийн гадна зөрчигдөхгүй юм байна” гэсэн байна.

Ингээд охид, бүсгүйчүүдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс Эрээн хот дахь Консулын газрын ажилтан, хохирогч “А” нарын хооронд болсон ярианы товч утгыг сийрүүлье.

К/консул/: Өнгөрсөн оны 11 сард хоёр сарын хугацаатай Эрээнд ирсэн байна. Шинээр паспорт аваад 2016 оны 09 сарын 14-нд Эрээн боомтоор орж ирээд, 10 сарын 13-нд эргэж гарсан байна. Тэр өдөртөө буцаад Эрээнд ороод ирсэн байна. 11 сарын 12-нд буцсан байна. Энэ хагас сарын хугацаанд энэ Бао гэгч хүний дарамтанд байсан уу?

А: Тийм.

К: Дараа нь 2017 оны 01 сарын 12-нд ирээд, тэрнээс хойш дөрвөн удаа хугацаагаа тулгаж хилээр гараад штамп даруулаад, сая 5 сарын 08-нд орж ирсэн байна. Өнөөдөр 5 сарын 12. Энэ хугацаанд юу хийж байсан тухайгаа ярихгүй юу?

А: Хойд эцэг маань намайг оролдоод байдаг болохоор би гэрээсээ зугатаж хотод ирсэн. Мөн ээж маань “Чи надаас төрөөгүй. Зайл” гэдэг байсан. Иймээс гэрээсээ гараад долоо, найман сар болж байна. Ээж маань айлын мал малладаг. Би ээждээ тусалдаг байсан.

К: Өнгөрсөн жилийн 9-11 сарын хооронд Эрээнд байжээ. Тэр үедээ энэ эзэнтэйгээ холбоотой байсан уу?

А: Тийм. Намайг 11 сард буцахад 300 юань өгсөн. Хоол ундыг нь цаанаас өгдөг. Хувцас хунар бас авч өгнө. Тэрийгээ “ажил” хийж олсон мөнгөнөөс суутгадаг байсан. Намайг Эрээнд авчирсан Амарзаяа эгч “ажил” хийгээд мөнгө олбол над руу явуулаарай гээд манай эзэнд хэлсэн гэсэн. 3000, 4000 юань гээд зөндөө мөнгө явуулсан гэсэн. “Амарзаяа чамайг 2000 юаниар зарсан. Чи ажлаа хийнэ үү, байна уу өөрөө мэд” гэдэг байсан.

К: Амарзаяа чамайг энэ жил дахин дагуулж ирсэн үү?

А: Үгүй. Өөр хүн, 27-28 орчим насны эмэгтэй дагуулж ирсэн.

К: Эрээнд ирэхээс өмнө Монголд иймэрхүү төрлийн ажил хийж байсан уу?

А: Үгүй. Гуанзанд угаагч хийж байсан. Амарзаяаг сайн мэддэггүй байсан. Би гадуур тэнэж, өвөл орцонд хонодог байсан (уйлав.сур). Амарзаяа намайг анх хараад өрөвдсөн гэсэн. Гэртээ аваачаад гоё хувцас хунар авч өгсөн. Тэгээд “Чи Эрээнд очоод ийм, ийм ажил хийнэ. Хөөрхөн юм чинь мөнгө олно” гэсэн.

К: Амарзаяа чамайг нааш нь авчрахаас өмнө ийм, ийм ажил хийнэ гээд ойлголт өгчихсөн байсан байна, тийм үү?

А: Өгсөн. Монголд хэцүү байсан юм чинь яваад үзье гэж шийдсэн. Хоногийн 300-800 юаниар явдаг байсан. Мөнгийг нь лаобан /босс гэсэн утгатай хэллэг.сур/ нар нь авдаг. Заримдаа 500-аар явбал 300-г өөрт нь өгөөд, өөрсдөө 200 авдаг байсан. Заримдаа групп-д ордог байсан. Хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй. Ихэнх нь өвөрмонголчууд. Монголчуудтай заримдаа.

К: 1 сард ирснээсээ хойш гар дээрээ хэдэн юань авсан бэ?

А: Найз залуу руугаа 300, 500 юань явуулсан. Монголд байгаа хүмүүст мөнгө өгөхгүй гэсэн чинь “Чамд тусалсан юм чинь өгөхгүй байж болохгүй” гэсэн. Амарзаяа тэр мөнгийг авдаг байсан. Өдөрт олсон мөнгөө жижиг дэвтэр дээр бичсэн байсан. Сая орхиод гараад иржээ. Би дунджаар долоо хоногт 3500 юань олдог байсан. Миний өөрийн мөрөөдөл бол өөрийн гэсэн хашаа, байшинтай болох байсан. Ингэх гэж зорьж ирсэн гэж ярьжээ.

Эрээн хотын Консулын газраас шуурхай арга хэмжээ авч Хүйсийн тэгш эрхийн төв, Замын-Үүд сумын Цагдаагийн хэлтэстэй холбогдож, тус байгууллагын Замын-Үүд сумын төлөөлөгчид байдлыг мэдэгдэж, буцах зардал болон бусад дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна. Улмаар дээр дурдсан 13084793399 утсаар өвөрмонгол эзэн Бао гэгчтэй нь ярьж, “манай иргэний паспортыг авчирч өгөхгүй бол хатуу арга хэмжээ авна” хэмээн мэдэгдэхэд тэрээр А-гийн паспортыг 13304795808 утастай өвөрмонгол хүн (халзан толгойтой, намхан бүдүүн хүн.сур) авчирч өгчээ. Бэлгийн мөлжлөгийн хохирогч өөрийн иргэнийг 15:30 цагт Замын-Үүдэд хүргэж, тус сумын Цагдаагийн хэлтэст хүлээлгэж өгөх арга хэмжээ авсан байна.

Хүний наймаа, бэлгийн мөлжлөг гэж үнэхээр бодитойгоор оршиж байгаа бөгөөд үүнээс сэрэмжлүүлэх үүднээс энэхүү мэдээллийг бэлтгэлээ.

0 сэтгэгдэлтэй