Т.Аюурсайхан: Тухайн үед сайдаар ажиллаж байсан зарим хүнийг шалгуулна

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхантай ярилцлаа. Тэрбээр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Монголбанкинд шалгалт хийсэн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан юм.

-Монголбанкинд шалгалт хийх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсэг холбогдох дүгнэлтээ гаргажээ. Шалгалт хийх явцад ямар зөрчил илэрсэн бэ?

-Эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулж Байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Монголбанкны удирдлагуудаас маш олон асуулт асуусан. Энэ үеэр олон эргэлзээтэй зүйлийг ярьж байсан. Ялангуяа өнгөрсөн хугацаанд гарсан валютын нөөц, их хэмжээний мөнгө зах зээлд нийлүүлсэн, уламжлалт бус арга хэмжээ авсан зэрэг асуудлыг ярьсан. Үүнтэй холбогдуулж Ажлын хэсэг байгуулах саналыг Эдийн засгийн байнгын хороонд гаргасан. Гэвч Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудал сөхөгдсөн болохоор хэсэгтээ намжсан. Харин Байнгын хорооны даргын зүгээс миний гаргасан саналыг дэмжиж өнгөрсөн хоёрдугаар сарын 2-нд Монголбанкинд шалгалт хийх ажлын хэсгийг долоон гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. Ажлын хэсгээс Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаатай холбоотой нийт таван жилийн хугацаанд хэрэгжүүлсэн арга хэмжээнд шалгалт хийсэн. Гэхдээ Ажлын хэсгийн зүгээс шалгалтыг богино хугацаанд хийх зорилго тавьж ажилласан. Дөрөвдүгээр сард Монголбанкинд бүтэн ажилласан. Ингээд тавдугаар сарын 15-нд дүгнэлтээ албан ёсоор гаргасан байгаа.

-Дүгнэлтэд дурдагдсан зөрчлүүдээс гол асуудал нь юу байсан бэ?

-Монголбанкны алдагдал 2012 оноос эхэлж хуримтлагдсан байдаг. Жишээ нь, 2011 онд 179 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байсан бол 2012 оноос 280 тэрбумын алдагдалтай болсон юм билээ. Ингэж явсаар 2016 онд жилийн 1.6 их наяд болж нийт гурван их наяд төгрөгийн алдагдалтай болсон байна. Энэхүү алдагдлыг хуулиар төсвөөс хаадаг. Ингэхдээ Засгийн газар үнэт цаас гаргадаг. Татвар төлөгчдийн халааснаас гарна гэсэн үг. Ийм л нөхцөл байдал үүссэн. Ажлын хэсэг үүнийг нягтлаад юунаас болов гээд шалгаад үзэхээр “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-тэй холбоотойг тогтоосон. Монголбанкны үйл ажиллагааг Төв банкны тухай хуулиар маш тодорхой заагаад өгчихсөн байдаг. Гэтэл хуульд заагаагүй арга хэмжээг хэрэгжүүлсэн, түүнээс давсан үйл ажиллагаа явуулсан, зөрчсөн, бодлогын уламжлалт бус арга хэмжээг явуулсан байгаа юм. Үүний нэг нь “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”. Хөтөлбөрийн хү-рээнд 4.8 их наяд төгрөгийг зах зээлд маш бага хүүтэйгээр аж ахуйн нэгжүүдэд олгосон байдаг. Үүнээс 369 тэрбум төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсныг тогтоосон.

-369 тэрбум төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсныг тогтоосон гэж байна. Жишээ нь, аль салбарт зарцуулсан юм бол?

-Шатахууны компаниудад их хэмжээний хөнгөлттэй зээл олгохын зэрэгцээ тухайн үеийн валютын ханшаас 300 төгрөг хүртэлх доогуур ханшаар өгсөн байгаа юм. Үүний улмаас төрд 480 орчим тэрбум төгрөгийн хохирол учирсан. Тэдгээр хөтөлбөрийг харахад хэрэгжүүлэх ямар ч үндэслэлгүй байсан. Шатахуун дээр ярихад дэлхийн зах зээл дээрх нефтийн үнэ тогтмол буурч ирсэн байдаг. 2012-2016 онд гэхэд дөрөв дахин буурсан. Үүнтэй холбогдуулж Монгол Улс руу орж ирж байгаа шатахууны хилийн үнэ гурав дахин буурсан байдаг. Гэтэл шатахууны компаниуд нэг ч төгрөгөөр үнээ бууруулаагүй. Татварын албанаас авсан мэдээллээр шатахууны импортлогч компаниудын ашиг энэ хугацаанд гурав дахин нэмэгдсэн байх жишээтэй. Гэвч нөгөө талд нь төр их хэмжээгээр хохирчихсон. Их хэмжээний нийлүүлэлт хийчихээр валютын ханш огцом өсөөд төгрөгийн худалдан авах чадвар огцом суларчихсан. Гэтэл үүнийгээ засахын тулд валютын интервенц хийчихсэн. Өнгөрсөн хугацаанд нийт долоон тэрбум ам.долларын валютын интервенц хийсний уршгаар нөөцөө шавхчихсан байгаа юм. Үр дүнд нь зах зээлд маш олон эрсдэлийг бий болгосон. Нийт илүүдэл мөнгөө буцааж татахын тулд Төв банкны үнэт цаас гаргасан ч түүнийхээ хүүд маш их зарлага гаргасан. Үүнээс гадна своп, форвард хэлцлүүдийг өнгөрсөн хугацаанд арилжааны банкуудтай байгуулсан байдаг. Үүний алдагдал гэхэд 1.7 их наяд төгрөг байгаа. Уг нь своп, форвард хэлцлээс Монголбанк алдагдал хүлээх үндэслэлгүй.

-Яагаад?

-Төв банк өөрөө валют, хүүг урьдчилж тооцоолох боломжтой. Дээрээс нь эдгээрийг зохицуулах арга хэрэгслийг хуулиар заагаад өгчихсөн. Гэтэл санаатайгаар, зориуд алдагдалтай гэрээ байгуулж төрд онц их хэмжээний алдагдал учруулсан гэсэн дүгнэлт гарсан. Эдгээр нөхцөл байдал хоорондоо гинжин хэлхээнд орсны улмаас эдийн засаг хямрах гол шалтгаан болсон гэж үзэж байгаа. “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд зарим сайд буруутай үйл ажиллагаа явуулж байсныг ч тогтоосон.

-Зарим сайд гэдэг нь?

-Тухайн үед Үйлдвэр, хөдөө ахуйн сайдаар ажиллаж байсан Х.Баттулга, Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан Ц.Баярсайхан, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал нарын шийдвэртэй холбоотой зөрчлүүд бий. Эдгээр хүнийг хууль хяналтын байгууллагад ийм үндэслэл, баримтын дагуу шалгуулна гэдэг санал гаргачихсан байгаа. УИХ-ын чуулганаас гарах тогтоолоор үүнийг тодорхой болгох байх. Үүнийг дан ганц УИХ-ын Ажлын хэсгээс тогтоогоогүй. Үндэсний аудитын газраас “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-тэй холбогдуулж 2015 онд томоохон шалгалт хийсэн байдаг. Тэрхүү шалгалтын дүгнэлтэд гарсан тоо баримт Ажлын хэсгийн одоогийн дүгнэлттэй таарч, нотлогдож байгаа.

-Ажлын хэсгийн дүгнэлтэд гарсан зарим зөрчлийг маш нууцын зэрэглэлд оруулсан байна лээ. Нууцын зэрэглэлд хамруулах шалтгаан нь юу байсан юм бол. Үнэхээр нууцад хамруулах зөрчил илэрсэн юм уу?

-Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн дагуу Эрдэнэсийн сангийн үйл ажиллагаа, үндэсний банкууд дахь активын эрсдэлээс хамгаалсан арга хэмжээ нууцад хамаардаг. Эдгээр асуудлыг холбогдох журмын дагуу хаалттай хэлэлцэж байгаа. Бусдыг нь нээлттэй хэлэлцэх санал Байнгын хорооны хуралдаанаар дэмжигдэж хэлэлцээд явж байна. Монголбанкинд гарсан бүх алдаа завхрал, дутагдал хохирлыг нуухын тулд үйл ажиллагаагаа маш их нууцалдаг зөрчил илэрсэн. Нууцлахдаа Төрийн нууцад ороогүй зүйлсийг оруулсан байгаа юм. Хоёрдугаарт, байгууллагын нууцыг төрийн нууцтай адилт-гасан журам гаргасан байна лээ. Өөрөөр хэлбэл, байгууллагын нууцтай заавал тагнуулын байгууллагаар дамжиж, Төв банкны ерөнхийлөгчийн зөвшөөрлөөр танилцдаг хууль давсан журам баталсан байсан.

-Байгууллагын нууц гэдэгт нь юуг хамруулж байсан юм бэ?

-Нуугаад байгаа зүйл нь төрийн байгууллагын нууцалдаггүй арга хэмжээнүүд байсан. Мэдээж валютын интервенцийн үеэр хийх зөвлөлийн протоколоос эхлээд нууцлах шаардлагатай юм Монголбанкинд бий. Гэтэл нийгмийн халамж, цалингийн нэмэгдэл, бусад үйл ажиллагаа, ерөнхий гэрээ хэлэлцээрийн асуудал нууцад хамруулсан байгаа юм. Эдгээр нь төслийн шатандаа нууц байдаг болохоос батлагдсаныхаа дараа нууцаас гардаг хуультай. Шилэн дансаа хөтөлдөггүйг та мэдэж байгаа байх. Сангийн яамнаас Шилэн дансны тухай хуулийн хүрээнд шилэн дансаа хөтлөхийг Төв банкинд сануулсан, шаардсан албан тоот хүргүүлж байсан юм билээ. Гэвч шилэн дансандаа үзэмжээрээ хандаж байсан нь ямар нэгэн зөрчлийг гааруулсан.

-Та түрүүн их хэмжээний хөнгөлттэй зээл олгохын зэрэгцээ тухайн үеийн валютын ханшаас 300 төгрөг хүртэлх доогуур ханшаар өгсөн байсан гэсэн. Хөнгөлөлттэй зээлийн хүү нь хэд байсан юм бол?

-369 тэрбум төгрөгийг 3.8 хувийн хүүтэйгээр компаниудад олгосон. Ингэхдээ гэрээний хариуцлага нь зориулалтын бусаар зарцуулах юм бол зах зээлийн буюу арилжааны банкны хувиар төлөхөөр заасан юм билээ. Арилжааны банкуудын хүү 24 хувь байсан. Тэгэхээр 20.2 хувийн хүүг нөхөж төлүүлэх шаардлага бий. Мөн хариуцлага алдсан хүмүүст хариуцлагын асуудал тавих ёстой. Монголбанкны гурван их наяд төгрөгийн алдагдлыг улсаас төлөх ямар ч боломжгүй. Учир нь, төсвийн дарамт маш их байгаа. Тийм учраас Монголбанкны өр авлагыг барагдуулах, “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд зориулалтын бусаар зарцуулсан зөрчлүүдийг гэрээ-ний дагуу нөхөн төлүүлэх, гэм буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох ёстой. Своп, форвард дээр гэхэд хүлээгдэж байгаа асар их хэмжээний алдагдал байгаа. Тиймээс үүнийг биелэхээс нь өмнө засч залруулах, алдагдлыг нь таслан зогсоох арга хэмжээг авах шаардлагатай байгаа.

-Эрдэнэсийн сантай холбоотой зөрчлүүдийг хэзээ ил болгох бол?

-Эрдэнэсийн сантай холбоотой хууль зөрчсөн байж болох олон үйлдэл бий. Үүнийгээ хууль хяналтын байгууллагад өгч шалгуулах шийдвэрийг УИХ, Байнгын хорооноос гаргах шаардлагатай байгаа. Байнгын хорооноос Ажлын хэсэгт чиглэл өгсөн. Тэр нь Ажлын хэсэг үргэлжлүүлж ажиллаад энэ долоо хоногт багтааж УИХ-ын тогтоолын төсөл бэлдэх тухай. Тэгэхээр ирэх долоо хоногийн УИХ-ын чуулганаар тогтоолоо батлуулах болов уу.

-“Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд тухайн үеийн эрх баригчдаас гадна МАН-ын гишүүдийн компани ч мөнгө авсан. Хариуцлага хүлээвэл адилхан хүлээх ёстой гэж яриад байгаа шүү дээ?

-Өнгөрсөн хугацаанд төрийг хэн удирдаж байсан нь ойлгомжтой. Ерөнхийлөгч ямар намаас сонгогдсон юм. Ерөнхий сайд, УИХ-ын дарга ямар намаас томилогдсон юм. Монголбанкны ерөнхийлөгч ямар намаас томилогдсон гэдэг нь маш тодорхой байгаа. Үүний үндсэнд бүх алдаа дутагдал гарсан, түүнийг нь Ажлын хэсэг шалгасан. Шалгалтын хүрээнд гарсан дүгнэлт бүх тоо баримтаар нотлогдож байгаа. Үүнийг улстөржлөө гээд хариуцлагаас зугтах гэсэн үйл ажиллагаа явуулж байна. Хөтөлбөрт хамрагдсан 45 аж ахуйн нэгж, компани байгаа. Тэдгээр компани хэнийх болох нь удахгүй олон нийтэд нээлттэй болгох арга хэмжээ авна. Ажлын хэсгийн зүгээс тал нь тэр намынх, тал нь энэ намынх гэдэг мэдээллийг үндэслэлгүй гэж үзэж байгаа. Гэхдээ хэн нэгэн хүний авсан зээл, Монголбанкны ерөнхий бодлогын том алдааг улстөржүүлэх ёсгүй. Нэгэнт алдаа завхралыг нь тогтоосон болохоор яаралтай засч, холбогдох хүмүүст нь хариуцлага тооцох ёстой. Хохирлыг нь нөхөж төлүүлэх ёстой. Тэгж байж одоо ажиллаж байгаа хүмүүст хариуцлагын асуудлыг сануулж, үүрүүлж, хуулийн дагуу зөв шийдвэр гаргахыг шаардана. Тэгэхгүйгээр улстөржиж байна гээд энэ асуудлыг орхивол одоогийн хүмүүс нь ингэж ажиллах юм бол ямар ч хариуцлага хүлээхгүй юм байна гэсэн ойлголттой болно.

-45 компанийн хувьд яг ямар зөрчил гаргасан байдаг юм бэ?

-Захирал нь хувьдаа ашигласан, эргэлтийн хөрөнгөө зарцуулсан, хөнгөлттэй зээлээр авсан ам.долларыг төгрөгт шилжүүлсэн, зээлээ урт хугацаагаар банкинд байршуулж мөнгө хүүлэх үйл ажиллагаа явуулсан. Өмнөх зээлээ төлөх, татварын өр барагдуулах, хувь хүний дансанд шилжүүлэх, барилга барих, тоног төхөөрөмж худалдаж авах зэргээр гэрээнд заагаагүй маш ноцтой үйл ажиллагаа явуулсан байдаг.

-Монголбанкны хуучин удирдлагууд нь олдохгүй гадагшаа гарсан байна гэсэн мэдээлэл гарсан. Ажлын хэсгийн зүгээс өмнөх удирдлагуудтай нь холбогдож тайлбар авсан юм болов уу?

-Байнгын хорооны хуралдааны үеэр гишүүдийн зүгээс “Хууль хяналтын байгууллагаас мэдүүлэг авбал энэ хүн чинь байгаа юм уу” гэх зэргээр өмнөх ерөнхийлөгчийн тухай асуусан. Гэхдээ энэ талаар тодорхой мэдээлэл алга.

С.Гандөл
Эх сурвалж: Үндэсний шуудан

0 сэтгэгдэлтэй