Нийслэлийн ахмадууд болон хүүхдүүд хэвтэн эмчлүүлэх эмнэлгийн байр бэлэн болжээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа болон бусад албаныхан Баянгол дүүрэгт ашиглалтад оруулахад бэлэн болсон Ахмадын сувилал, хүүхдийн эмнэлэгт очив. Тус эмнэлэг нь хүүхдийн 60, ахмадууд хэвтэн эмчлүүлэх 60 орны хүчин чадалтайгаас гадна орчин үеийн, стандартын шаардлага хангасан шинэ тоног төхөөрөмж бүхий барилгын тохижилтоос бүрджээ. Уг эмнэлэгт дүүрэг, хороо харгалзахгүйгээр нийслэлийн ахмадууд болон хүүхэд багачууд үйлчлүүлэх боломжтой юм. Хотын дарга С.Батболд “Уг эмнэлгийг ойрын хугацаанд улсын комисс ажиллуулаад ашиглалтад хүлээж авна. Баянгол дүүрэг, нийслэл хамтарсан хөрөнгө оруулалт хийж, жишиг болохуйц эмнэлгийн барилгыг ийнхүү бэлэн болгоод байна. Би бүрэн эрхийнхээ хугацаанд Улаанбаатар хотод 2-3 хүүхдийн эмнэлгийг ашиглалтад оруулна гэсэн зорилт дэвшүүлсэн. Зорилт, хөтөлбөрийнхөө хүрээнд хийж буй хамгийн эхний эмнэлэг Баянгол дүүрэгт бий боллоо. Орчин үеийн стандарт хангасан ахмадын сувилал, хүүхдийн эмнэлэг хоёр цуг байгаа нь эмнэлгийн ачааллыг зохицуулахад менежментийн зөв алхам болсон. Яагаад гэвэл ханиад томуу ихээр дэгддэг улиралд хүүхдийн ор хүрэлцдэггүй. Энэ үеэр хүүхдийн орныхоо тоог нэмэгдүүлж, харин хүүхдийн өвчлөл буурсан үед ахмадуудынхаа орыг нэмэгдүүлэх гэх мэт менежмент хийгээд ажиллах бүрэн боломжтой. Энэ эмнэлэг нь бүх дүүргийн ахмад настан, хүүхдүүдэд харьяалал харгалзахгүйгээр үйлчилнэ” гэв.

Дэлхийн эрүүл мэндийн стандартаар 1000 хүүхэд тутамд 4 ор оногдох ёстой. Энэ утгаар нь авч үзвэл Баянгол дүүрэгт 300 гаруй ортой хүүхдийн эмнэлэг шаарлагатай аж. Ийнхүү Ахмад настан, хүүхдийн эмнэлэг нь ашиглалтад орсноор  Баянгол дүүргийн хувьд эрүүл мэндийн үйлчилгээний стандарт хангасан дүүрэг болж байгаа юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

0 сэтгэгдэлтэй