Дууссан батарейн доторхыг кофе үйлдвэрлэхэд ашигладаг байжээ

Вьетнамын Дак Нонг мужид үйл ажиллагаа явуулдаг кофены үйлдвэр хортой бодис ашиглан кофе үйлдвэрлэж байжээ. Хортой кофе үйлдвэрлэхэд оролцсон хувь хүмүүс, албан хаагчдын хэргийг прокурорын газарт хүлээлгэн өгөх ажил эцсийн шатандаа орсон талаар Дак Нонг мужийн цагдаагийн албанаас мэдээлжээ.

Орон нутгийн иргэдээс ирсэн санал гомдлын дагуу цагдаа, мэргэжлийн хяналтын газрын байцаагч нар Нгуэн Ти Лоан гэх эзэнтэй кофены үйлдвэрт гэнэтийн шалгалт хийжээ.

Батарейн доторх хар бодис нь марганцын хүчил бөгөөд хүний биед маш хортой.

Шалгалтын үеэр худалдаанд гарахад бэлэн болсон кофе болон ашиглаж байсан түүхий эд болох дууссан батарейн доторх хар нунтаг 35 кг, мөн хар өнгөтэй, 10 орчим кг шингэн зүйл олсон байна.

Ти Лоаны хэлж байгаагаар тэрээр кофены томоохон үйлдвэрүүдээс хаягдал кофег хямд үнээр худалдан авдаг ба түүнийгээ шавар, шороо зэрэгтэй хольж, хар өнгөтэй болгохын тулд батарейн доторх хар нунтгийг ашигладаг аж.

Ти Лоаны кофены үйлдвэр үйл ажиллагаагаа явуулаад олон жил болсон. 2018 он эхэлснээс хойш 3 тонн кофе борлуулжээ. Шалгалтын үеэр Ти Лоаны үйлдвэрээс худалдаалахад бэлэн болсон 12 мянган тонн хортой кофег илрүүлсэн байна. Кофены дээжээс авч лабораторийн шинжилгээнд өгчээ.

Вьетнамын Үндэсний их сургуулийн химийн мэргэжилтэн, туслах профессор Тран Хонг Коны хэлснээр батарейн доторх хар бодис нь марганцын хүчил бөгөөд хүний биед маш хортой аж. Нэг литр усанд уусгасан 0.5 милиграмм марганцын хүчил хүний биед марганцын хордлого үүсгэх чадалтай гэнэ.

Марганцын хүчлээс гадна батарей хар тугалга, меркурий, цайр, кадмий, хүнцэл зэрэг маш хортой бодисууд агуулдаг. Эдгээр нь хүний тархи, бөөр, зүрх судас болон нөхөн үржихүйн эрхтэн тогтолцоог гэмтээхээс гадна үхэлд ч хүргэж болзошгүй аж.

Эх сурвалж: tuoitrenews.vn

Дашрамд дурдахад манай улс тус улсаас кофе худалдан авдаг. 2016 оны байдлаар импорт  40,1 сая ам.долларт хүрсэн юм. Цагаан будаа, угаалгын бодис, кофе, ургамлын тос, лаазалсан ногоо, жимс, самар, чихэр, гурилан бүтээгдэхүүн, модон эдлэл эм, химийн бүтээгдэхүүн /будаг, угаалгын бодис, угаалгын нунтаг/, телефон, цахилгаан шуудан холбооны болон утсан холбооны аппаратууд худалдан авчээ.

0 сэтгэгдэлтэй